logo
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

2024/08/07

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн 2024 оны наймдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Флоркруз болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордууллаа.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нартай тус тус уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсын аюулгүй байдал, стратеги судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв.

Энрике А.Манало сайд Монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш