Боловсролын яамнаас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийг хоёр жилийн турш амжилттай хэрэгжүүллээ.
Төслийг Барилгын политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь политехник коллеж дээр хэрэгжүүлсэн бөгөөп төслийн хүрээнд орчин үеийн техник ашиглах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх замаар дулаан хангамжийн системд эрчим хүчний хэмнэлт нэвтрүүлэхийг зорьж, дараах боломжууд бүрдсэн юм. Үүнд:
- Эрчим хүчний өндөр үр ашигтай халаалтын системийн технологийн мэдлэгтэй боловсон хүчин Монголд бэлтгэгдэх;
- Мэргэжлийн боловсрол, сургалтад харьцуулсан бодит угсралтуудыг ашиглах;
- Түгээн дэлгэрүүлэгч багш нарын боловсруулсан цахим сургалтын агуулгыг ашиглан инженер техникийн ажилтнуудад сургалт олгох, сургууль өөрийн орлогыг бий болгох.
Түүнчлэн багш нар бодит угсралт дээр ажиллах замаар сургалтын агуулгыг бие даан боловсруулсан бөгөөд цахим агуулга боловсруулах ур чадварт суралцаж, Герман-Монголын суралцагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Төслийг ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр-хувийн хэвшлийн түншлэлийн “DeveloPPP” хөтөлбөрийн хүрээнд WILO групп хамтран санхүүжүүлэв. Тус групп нь дэлхийн тэргүүлэгч ухаалаг насос үйлдвэрлэгч юм.