logo
Энхтайваны гүүрийн доор үерийн хамгаалалтын түшиц хана барина

Энхтайваны гүүрийн доор үерийн хамгаалалтын түшиц хана барина

2024/09/19

2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энхтайваны гүүрний энэ хэсэгт өнгөрсөн жил үерийн улмаас замын хоёр тийшээ ус хальж, хүнд нөхцөл үүсч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр нийт 3 метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгахаар зураг төсөл дуусаж, бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж, 14 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн” гэлээ. Энэ онд Сэлбэ, Дунд гол дагуу нийт 9 байршилд далан хүчитгэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улиастайн гол, Хайлааст орчимд болон “Шунхлай” шатахуун түгээгүүрийг буулгаж хүчитгэх ажлыг хийсэн. Мөн 25 дугаар эмийн сангийн хойно үерээс сэргийлэх босоо түшиц хана, “Бөмбөгөр” худалдааны төв, “Сүнжингранд” орчимд далан засварлах ажлуудыг үе шаттай хийнэ. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Цахим орчинд тарсантай адил “Акуа гарден”-ыг хамгаалж далан барьсан зүйл байхгүй. Бид зөвхөн зам руу хальсан, нүхэн гарц руу дүүрсэн хэсгүүдийг засварлахаар ажиллаж байна. Тиймээс иргэд ажлыг хариуцсан хүмүүсээс нь үнэн, бодит мэдээллийг авч байгаарай” гэдгийг хэлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш