Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЖАЙКА - Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга асан ноён Танака Шиничи болон шинээр томилогдон ирсэн ноён Мияги Кэнсүкэ нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ноён Мияги Кэнсүк хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд Жайка Монгол Улстай олон жил хамтын ажиллагаатай байж ирсэн. Тэр дундаа эрүүл мэнд бол бидний хамтын ажиллагааны чухал салбар гэдгийг дурдаад цаашид эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав.
Танака Шиничигийн хувьд ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргаар 2,5 жил ажиллаад буцаж байгаа аж. Тэрбээр юуны өмнө өнгөрсөн хугацаанд үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн Эрүүл мэндийн яамны хамт олонд талархал илэрхийлье гээд хөрөнгө оруулалтын төслүүд бүгд амжилттай хэрэгжээд дууссан. Өнөөдрийн байдлаар Сувилагч, эх баригч нарын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах, Сүрьеэ болон ям өвчнөөс сэргийлэх монгол, японы хамтарсан судалгааны гэсэн 2 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. КОВИД-19 цартахлын үед хэрэгжүүлсэн төслүүд дээр зарим эргэж харах зүйл бий. Мөн өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Ерөнхий боловсролын хоёр сургууль дээр Япон Улсын төрийн бус байгууллагатай хамтран шүдний үзлэгийг амжилттай хийж, дуусах шатандаа орсон. Манай байгууллагын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийн тал дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр, хоёр төслийн хэрэгжилт дээр анхаарах хандуулж ажиллахаа уламжлаад эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд дорвитой арга хэмжээ авч Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийг батлуулсан. Үүний хүрээнд ЕБС-ийн үдийн хоол, эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, сургуульд суурилсан эрт илрүүлгийг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал энэ жил 6 настай хүүхдүүдэд нүд, шүд, зүрх судасны үзлэгийг хийнэ. Цаашид эрт илрүүлгийг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах тал дээр ЖАЙКА-тай хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.