Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонсов. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэлдээ утаат болон электрон тамхины хэрэглээ, импортын хэмжээ, онцгой албан татварын талаарх статистик, тоо баримтыг дурдаж, 2022 онд Эрүүл мэндийн яаманд байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хэрхэн ажилласан талаар мэдээлэл танилцууллаа.
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар багуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Жангабыл, Б.Мөнхсоёл, М.Сарнай, Д.Ганмаа нар ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын судалгааг, үнэлэлт дүгнэлтийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын түвшинд тамхины татварын орчны болон бүтээгдэхүүний чанарын талаарх эрх зүйн зохицуулалт, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд хуулийн хэрэгжилт ямар байгаатай газар дээр нь танилцаж мэдээлэл авах шаардлагатай гэж үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.