logo
Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна

Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна

2024/10/16

Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй.

Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн цахим гарын үсгээ ашиглах арга барилаа нэг л олохгүй байна. Мөн техник технологийн дэд бүтэц хангалтгүй, хуулийн хүрээнд гарсан олон журам хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг асуудлууд хөндөгдөнө.

Дээрх асуудлыг хэлэлцэхээр “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яамдын тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг сайжруулахаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, дүрэм журмын тоог цөөлж, оновчтой болгох, олон улсад мөрдөж буй стандартуудыг дотоодын дүрэм журамд тусгахыг зорьж байгаа. Мөн цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна” гэдгээ уулзалтын үеэр онцлов.

Уг нь тоон гарын үсгийг төрийн худалдан авах болон албан хэрэг хөтлөлтийн систем, тусгай зөвшөөрлийн хүсэлт зэрэг цахимаар үзүүлж буй үйлчилгээнд нэгтгэжээ. Гэтэл цахим гарын үсгийг egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn сайтад л ашиглаж байна. Хувийн хэвшлүүд тендерт орохдоо л тоон гарын үсгийг ашигладаг гэв.

Иймд тоон гарын үсгийг хэрэглээг хэвшүүлэх үүднээс төр өөрөө манлайлж, “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд яамд хоорондоо цахимаар бичиг баримт солилцож эхлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Цахим гарын үсгийг гар утсаараа ашиглах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр иргэд зээл, банкны үйлчилгээг утсаараа авдаг шиг цахим гарын үсгээ ашиглаад сошиал орчинд бизнес хийх, гэрээ байгуулах боломжтой. Мөн бусад системтэй холбож, цахим гарын үсгийг эргэлтэд оруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал ч хөндөгдөнө” гэж ярьлаа.

Монгол Улс Цахим газрын үсгийн тухай хуулийг 2011 онд баталж, 2015 оноос аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Хэрэглээг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр УИХ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны намрын чуулганаар баталж, эрх зүйн орчныг шинэчилжээ. Гэвч тус хуулийг дагаж гарсан олон дүрэм, журам хоорондоо уялдахгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар МонПасс СА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ану хэллээ. Тэрбээр “Засгийн газар болон бусад зохицуулагч байгууллагууд өөр өөр дүрэм журамтай байдаг. Эдгээрийн уялдаа холбоог хангахгүй бол хэрэглэгчид төөрөлдөж байна. Улмаар уламжлалт гарын үсгээ хэрэглэхэд хүргэж байна” гэдгийг “Шийдэлтэй уулзалт”-ын үеэр ярьлаа.

Банк, санхүүгийн байгуулагуудад цахим гарын үсгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн. Гэтэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо цаасан баримт бичгийг шаарддаг хэвээрээ. Энэ мэт үйл ажиллагааг цахимжуулж, цахим гарын үсгийн хэрэглээг бодит зүйлд нэвтрүүлэхийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Мөн цахим гарын үсгээр үйлдсэн гэрээ шүүхийн өмнө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бий. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд дээрх асуудлыг тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр цахим гарын үсэг шүүхийн байгууллагын өмнө баталгаатай байх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн цахим хувилбарыг хэрхэн архивлах асуудал ч судлагдаж байна гэж ЦХИХХ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш