logo
УИХ: Ажлын хэсэг МУБИС-ийн үйл ажиллагаатай танилцав

УИХ: Ажлын хэсэг МУБИС-ийн үйл ажиллагаатай танилцав

2024/11/19

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.11.18) Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрийн талаар тус сургуулийн ректор Ж.Батбаатар  танилцуулав. Тэрбээр, МУБИС нь нийт 910 багш, ажилтантай, 2024-2025 оны хичээлийн жилд идэвхтэй 11212 суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна гээд багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн үзэл баримтлал, багшлах гэрчилгээ олгох сургалт, гарааны багшийн чадамжийн хүрээ зэрэг үйл ажиллагааныхаа талаар онцлов. Боловсролын сайдын 2024 онд баталсан аргачлалын дагуу эрэлттэй, тэргүүлэх хөтөлбөрүүдийн үнэлгээг хийхэд сургуулийн өмнөх, бага боловсролын багш болон математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй, дуу хөгжим, нийгэм, сэтгэл зүй, тусгай хэрэгцээт сургуулийн багш нар хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байгаа аж. Монгол Улсын хүн амын өсөлт, боловсролын салбарт үүсээд буй багшийн хомсдолыг арилгах, ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгт ажиллах багш бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд багш бэлтгэх бүхий л хөтөлбөрүүд 2030 он хүртэл эрэлттэй хэмээн тооцож байна.

Тус сургуулийн элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэл энэ хичээлийн жилд 86 хувьтай байгаа ажээ. Тухайлбал, Архангай аймаг дахь салбар сургууль энэ хичээлийн жил 185 элсэгч авахаас 149 элсэгч авснаар 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Багшийн сургууль 350 элсэгчээс 393 элсэгч элсүүлж, 112 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. 2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бол 2022 оны төгсөгчдийн 76 хувь, 2021 оны төгсөгчдийн 71 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ажээ. Энэ хичээлийн жилд нийт суралцагчийн 45 хувь буюу 3818 оюутан 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Хэрлэн, М.Бадамсүрэн, С.Зулпхар асуулт асууж, дээрх танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон болон салбар сургуулиудын захирлууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш