logo
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ

2 цаг 53 минут

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Хурлаар:

  • УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо,
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн ажлын үр дүн,
  • Хүнсний хангамжийн салбарын хүний нөөц, судалгаа, шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
  • Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт,
  • Улсын хилээр нэвтрэх хүнсний бараа, бүтээгдэхүүний хяналт,
  • Пестицидийн хэрэглээ, тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх юм.

Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэр бээр, УИХ-ын 36 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, илүү идэвхтэй ажиллахыг хүслээ.

Цаашид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг  хөдөрмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсад давтан суралцах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан, тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг хэллээ.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулах гэрээнд УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг шалгуур үзүүлэлтийн хамт жил бүр тусган,  орон нутагтаа хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүнг үнэлж, хангалтгүй бол хариуцлага тооцдог байх нь зөв гэж үздэгээ хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн хоёр жилд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн зээлийг 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон.

Нийт зээлийн 62 орчим хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, найман хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.

Үүний дүнд хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангаж чадсан юм.

Өндөгний үйлдвэрлэл 7.9 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 3.4 хувь, хүнсний ногооных төрлөөс хамаарч 7.7-20.9 хувь, гурилан бүтээгдэхүүнийх 1.2 хувиар өсөж, импорт буурчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш