logo
"Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

"Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2024/11/29
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.




Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара болон Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн газар, Монополын эсрэг газар зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд,  газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 60 орчим хүн оролцлоо.
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэж заасныг дурдаад энэ агуулгаар хүн амын хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газраас газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, тогтоолыг баталж, бодлогоор дэмжиж ажилласаар ирснийг онцлон тэмдэглэв.


Мөн дээрх хөтөлбөр нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа боловч агуулга нь хөнгөлөлттэй зээл, урамшуулал зэрэгт буюу нийт өртгийн сүлжээний зөвхөн санхүүжилт хэсэгт анхаарч ирсэн нь асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, салбарыг цаашид бие даан хөгжихөд хангалтгүй байна гэлээ.  
Ажлын хэсгээс газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл, тариалан эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг үр тарианы чанар, буудайн сорт, тариалан эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, дотоодын өртгийн сүлжээний нөхцөл байдал, хууль эрх зүй, санхүү, татварын орчин зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж, ярилцахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч хэлэв.  
Хэлэлцүүлэг Хүнсний  аюулгүй  байдлын  үндэсний  лавлагаа  лабораторийн Хорио цээрийн лабораторийн эрхлэгч Д.Энхтуяагийн “Улаанбуудайн гурилын чанар аюулгүй байдлын шинжилгээ, стандарт арга, аргачлал” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.


Тэрбээр илтгэлдээ, тус лабораторийн хувьд гурилын шинжилгээнд нийтдээ 52 зүйлийн гадаад, дотоод хорио цээртэй хортон шавжийг илрүүлж, түүнийгээ тодорхойлох шинжилгээ хийдэг. Хор судлалын лаборатори 227 аюулгүйн үзүүлэлт тодорхойлж байгаа бол микробиологийн лаборатори итгэмжлэлийн хүрээнд 12 аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлдог гэж байлаа. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүд чанарын шаардлага сайн хангадаг гээд шинжилгээнд хамрагдсан гурилуудаас нэгхэн хувь нь цавуулгийн хэмжээгээрээ чанарын шаардлага хангадаггүй хэмээв.  
Олон улсын чанарын шинжилгээний үзүүлэлттэй манай үзүүлэлтийн хэмжээ ойролцоо гээд гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд анхааруулж хэлэхэд ургамлын хөнөөлт хортон шавжийн асуудалд анхаарах шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тус илтгэлд буудайн гуриланд аюулгүй үзүүлэлтүүдийг бүрэн тодорхойлохын тулд олон улсад ашиглагдаж байгаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа талаар дурдсан байлаа.


Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Монголын агрономчдын холбооны тэргүүн Б.Амарсанаа, Л.Даваа  нар “Монгол орны буудайн тариалангийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
Уг илтгэлд Монгол Улсын газар тариалангийн орчны шинжилгээний талаар болон буудай тариалсан талбайн хэмжээ, ургацын үзүүлэлт, тариалангийн талбайн бүтэц, үр тариа тариалах технологи, тарих үрийн чанар, сорт, хөрс боловсруулалт, таримлын сэлгээ зэрэг тариалалттай холбоотой цогц  асуудлыг хөндсөн судалгааг танилцуулсан. Мөн уг илтгэлд  тариалангийн бүс нутаг, аж ахуйн нэгжид өнөөдөр мэргэжлийн боловсон хүчин  дутмаг цаашлаад агрономичдын эзлэх хувь маш бага байгаа нь судалгаагаар тогтоогдсон гэж байлаа.


Түүнчлэн илтгэлд, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний импортын оронд дотоодын үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн /гурил/  экспортлоход анхаарах, шаардлагатай хүнсний хэрэгцээг хангахуйц хүнсний сэлгээг нэвтрүүлэх, боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлыг газар тариалангийн бодлого, сэлгээтэй  уялдуулж бүх талаар дэмжиж хөгжүүлэх, буудайн тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүй нэгжээс авах ургацыг тогтворжуулж, чанаржуулах, ногоон бордоо, эрдэс бордоог сэлгээнд шим болон био бордоотой хамтруулан тун, нормыг нарийн тооцож хэрэглэх, эх орны био, шим бордооны үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд анхаарах шаардлагатай гэсэн байлаа.


Мөн бүс, бүслүүрт тохирсон нутагшсан сорт тариалдаг бүтэц, механизмийг бүрдүүлж, үрийн аж ахуйн системийг шинэчлэх, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны баазыг бэхжүүлэх, үрийн аж ахуйн мэргэжлийн боловсон хүчнийг сайжруулах, үрийг зээлээр, хөнгөлттэй нөхцөлөөр олгодог тогтолцоог боловсронгуй болгох  зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.


Хэлэлцүүлэгт оролцогч газар тариалан эрхлэгчид сэдвийн хүрээнд асуулт асууж, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал болон тулгамдсан асуудлынхаа талаар үг хэлж, санал солилцов. Тухайлбал, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжид олгодог хөрөнгө оруулалтын зээлийг цаашид тогтвортой олгох эсэх, экспортоор оруулж ирж буй улаанбуудай хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангаж байгаа талаар тодруулахын зэрэгцээ тариалангийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд төрөөс бодлого гарган анхаарах, гурилын үйлдвэр бүрийн лабораторийн үзэмжээр улаанбуудайн чанарыг үнэлэх бус бүс нутагт нэгдсэн лабораторитой болоход онцгойлон анхаарах зэрэг асуудлыг хөндөж, санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш