logo
“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав

“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав

2024/12/02

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.

Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш