Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУЭАЭ)-тай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийг 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.
Улмаар Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Баталгааны хэлэлцээрийн Бага хэмжээний цөмийн материалын протокол нь бага хэмжээний цөмийн материалтай эсвэл огт цөмийн материалгүй улс орнууд болон байгууламждаа цөмийн материалгүй улс орнуудад зориулан гаргасан эрх зүйн баримт бичиг юм.
2005 онд ОУАЭА-ийн Захирлуудын зөвлөлөөс бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбарт нэмэлт, өөрчлөлт оруулж, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудыг тус шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан.
Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэлсэн баталлаа.
Бага хэмжээний хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орсон улс орнууд ОУАЭА-аас томилсон хяналт, шалгалтын байцаагч нарын томилгоог хүлээн авах, шаардлагатай тохиолдолд хил нэвтрэх эрх олгох, эрхийг шинэчлэх зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, анхны тайланд тодорхойлсон байршил болон цөмийн материалын байршилд нэвтрэх эрхийг бүрэн олгох үүрэгтэй.
Мөн Иж бүрэн баталгааны гэрээний дагуу тухайн улс орон ОУАЭА болон түүний хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж буй байцаагч нарт “Олон улсын атомын энергийн агентлагийн халдашгүй дархан эрхийн тухай гэрээ”-ний холбогдох заалтуудад тусгасан давуу эрх, халдашгүй байдлыг хангах үүрэгтэй.
Монгол Улс нь цөмийн байгууламжгүй бөгөөд бага хэмжээний цөмийн материалтай улсын хувьд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орох нь өөрийн онцлог, нөхцөл байдалд тохирсон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлэх, улмаар цөмийн материалын ашиглалт, хэрэглээнд үр дүнтэй хяналт тавих, цөмийн аюулгүй байдлын баталгааг гүйцэтгэх, хянах техникийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, цөмийн материалын хяналтын тооллогын улсын системийг бий болгох чиглэлээр ОУАЭА-ийн зөвлөх үйлчилгээ авах, дадлагажуулах хөтөлбөрт хамрагдах, цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цөмийн технологийн энхийн хэрэглээг дэмжих зэрэг ач холбогдолтой гэж Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас мэдээллээ.