logo
УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээтэй танилцлаа

УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээтэй танилцлаа

2025/01/02

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээтэй танилцлаа.

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсноос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”, Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар /11 аймгийн 34 сум/ “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа юм. 

Улсын хэмжээнд нийт 17.913 өрх, 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт 13.549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь ажлын хэсгүүд танилцсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ард иргэдэд болон отор нүүдэл хийж байгаа малчдад эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх, тасалдуулахгүй байх, хот, хоорондын авто замын арчлалт, үйлчилгээг тасралтгүй хийх, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш