logo
"Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг эхлүүллээ

"Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг эхлүүллээ

2025/01/29

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Атар-4” аяныг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд 4 сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, “Атар-4” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.

Атрын дөрөвдүгээр аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарьж, ургуулж, үйлдвэрлэнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм.

“АТАР-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан тариалангийн салбарын хөгжлийг цогцоор нь шинэ шатанд гаргах юм. Үүнд:

  • Хөрс хамгааллын чиглэлээр тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулан талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулна.
  • Төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж, таримлын сэлгээнд буурцагт ургамлууд болон хүнс, тэжээл, тосны ашигт таримлыг оруулж, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжинэ.
  • Тариалангийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг дэмжиж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгон малчид, тариаланчдад мэргэжлийн мэдлэг, ур чадварыг орон зай, цаг хугацаа үл харгалзан, тасралтгүй хүлээн авах боломжийг олгох, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, ложистикийн сүлжээг боловсронгуй болгоно.

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш