Чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх, амьжиргаагаа сайжруулж, бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж байгаа өрхүүдийг татварын бодлогоор дэмжинэ.
Татварын ийм тогтолцоо нь шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байна. Иргэдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн татвараас нимгэлэх бодлого гаргана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитойгоор олгох эрх зүйн орчин, хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг нээж хэлсэн үгэндээ тодотголоо.
Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх. Тиймээс ч бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвхи санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримтлан, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх ажлыг сонгууль хүлээлгүй хэрэгжүүлэх юм. Ер нь иргэдээ ажилтай орлоготой болгох, улмаар өрхийн хөгжлийг дэмжих ажил Засгийн газрын хамгийн чухал зорилт билээ. Засгийн газрын 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар энэ оныг «Өрхийн хөгжлийг дэмжих» жилээр зарласан юм. Мөн Засгийн газрын шинэ оны анхны тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулан, Ерөнхий сайд С.Батболд ахалж байна.
Дээрх арга хэмжээнд Засгийн газрын гишүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон аймаг, нийслэлийн удирдлагууд оролцлоо. Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа, нийт 50 гаруй хувиар нэмнэ. Иргэддээ 1.0 сая төгрөгийг хувьцаа эсвэл бэлэн мөнгө гэсэн сонголт бүхий хэлбэрээр олгох юм. «Шинэ бүтээн байгуулалт» төслийн хүрээнд «100 мянган орон сууц» хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх ажээ.
Ш.Чимэг