logo
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил үргэлжилж байна

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил үргэлжилж байна

2025/03/06

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Уг төслийг иргэдэд ээлтэй байдлаар төлөвлөж, олон нийтийн уулзалт хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах болон судалгааны ажил үргэлжилж байна. Судалгаа дуусаж, санхүүжилт бүрэн шийдэгдсэний дараа ТЭЗҮ боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Эдгээр ажлыг 2025 онд дуусгаад, 2026 оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэх юм.

Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу 20 зогсоолтой барих урьдчилсан төлөвлөлттэй. Замын холимог хөдөлгөөнөөс тусгаарлаж, голын эгнээгээр хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлэх тусгай замын автобус төслийг хэрэгжүүлснээр өдөрт 30 мянга орчим хүн тээвэрлэх боломжтой. Мөн тусгай замын автобус нь хоёр талдаа хаалгатай буюу иргэд аль ч талаар нь бууж, суух боломжтой. Автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байдгаас тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээрээ давуу талтай. Тусгай замын автобусыг шийдсэнээр Улаанбаатар хотын оргил цагийн хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гараад байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш