logo
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2100 гаруй хүнийг хоолноос нь салгажээ

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2100 гаруй хүнийг хоолноос нь салгажээ

2012/02/04
Баянхонгор аймгийн 60 гаруй хүн УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай уулзахаар нийслэлд ирээд дөрөв хонож байна. Тус аймгийн Баян-Овоо сумын төвөөс 30 километрын зайд байх “Цагаан цахир” хэмээх газарт хувиараа алт олборлодог 54 нөхөрлөлийн холбоо байдаг аж. Энэ газарт анх 1996 онд ” Цагаан цахир” хэмээх алтны компани үйл ажиллагаа явуулдаг байсан ба химийн бодис хэрэглэх зөвшөөрөл аваагүй хэрнээ химийн бодис ихээр хэрэглэж ойр орчны ундны усыг хордуулж 50 гаруй толгой мал үхжээ. Тиймээс компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин үүнээс хойш дээрх компанийн бичиг баримтаар Хятад, Монгол, Канадын хөрөнгө оруулалттай арваад компани алт олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.

Хамгийн сүүлд 2009 онд тус аймгаас нэр дэвшиж сонгуульд ялсан УИХ-ын гишүүн Батж Батбаяр алт олборлох зөвшөөрлийг өөрийн хүү Б.Баттулгад авч өгсөн байна. Ингэснээр Б.Баттулга “Спейшл майнз” нэртэй компани байгуулж арав гаруй жил гар аргаар алт олборлодог 54 нөхөрлөлийн холбооны 500 гаруй ажилчдын ажлын байрыг булаан авчээ. Нөхөрлөлийн холбоодын иргэн бүр татварын мөнгө болох 21 мянган төгрөгийг cap бүр төлөхийн зэрэгцээ нөхөн сэргээлт хийн байгальд хоргүй үйл ажиллагаа явуулдаг гэдгээ хэлж байв. Компаниуд үйл ажиллагаа явуулахаас өмнө иргэд хувиараа алт олборлодог байжээ.

Баянхонгор аймгаас эсэргүүцлээ илэрхийлэх гэж ирсэн иргэдтэй уулзаж ярилцсан юм.

Баянхонгор аймгийн малчин Д.ТҮВШИН:

-Та энд ямар шалтгаанаар ирсэн юм бэ?
-Миний хувьд алтны нөхөрлөлийн хорооны гишүүн биш. Энд ирсэн шалтгаан нь хүйтний улиралд малын гол бэлчээр болсон газрыг тойруулан хашаа татаж малын бэлчээрийг булааж байгааг эсэргүүцэж байгаа юм. Өмнө нь хашаа татсан байсан бол одоо хашаа нь нураад уначихсан байгаа. Би тус газар 2000 оноос хойш амьдарч байна. Гэтэл гэнэт л хэсэг хүмүүс гарч ирэн хашаа татаад эхэлсэн. Хашааны ойр хавиар аргал түүгээд явж байсан хүүхэд хөгшдийн аргалыг нь асгаж нэгжлэг хийгээд хэцүү байна. Хашааны ойролцоо газраар тугал хариулаад явж байсан хүүг минь зодсон. Манай эхнэр, хүүгээ өмөөрч очоод мөн зодуулсан байсан. Харин том хүү маань эхийгээ өмөөрч очиход өмнөөс нь буудсан. Азаар бууны сум хүүгийн маань гутлын өсгийг оносон байсан. Би нэг удаа уут шороо авсан чинь бөөн юм болж харамлан намайг боож унагасан. Нэг мэдэхэд ухаан алдчихсан байсан. Хүн алж ч мэдэхээр улс тэнд байдаг юм. Жирийн малчдын бэлчээрийн газрыг хүртэл булаагаад байна.

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих ТББ-ын тэргүүн Л.БЯМБАДОРЖ:

-Тус газрыг авсан компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм уу?
-2009 оноос тус газрыг биднээс булаан хамгаалалтанд авсан. Тойруулаад хашаа барьчихсан ойр хавиар нь хүн амьтан явах нь бүү хэл ойртуулдаггүй. Бид арав гаруй жил тэр газарт хувиараа алт олборлосон. Байгальд ямар ч сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бидний саналыг авч УИХ-д сонгогдсон хүн эргээд биднийг ажилгүй болгочихоод байна.

-”Спейшл майнз” ХХК-ийн жинхэнэ эзэн нь хэн юм бэ, хэр хэмжээний газар эзэмшдэг юм бэ?
-УИХ-ын гишүүн Б.Батбаяр өөрийн хүү Баттулгад өгсөн. 1052 га газрыг эзэмшдэг. Бид таван сарын хугацаанд 13,5 сая төгрөгийг татварт төлдөг байсан. Ажиллаж буй 500 гаруй хүний цаана тэдний гэр бүлийнхэн гээд 2100 орчим хүний амьжиргааны асуудал яригдаж байна, энд.

-Та нар хуулийн хүрээнд хамтарч ажиллах хүсэлт гаргаж байв уу? УИХ-ын гишүүн Б.Батбаяр ямар хариу өгсөн бэ?
-УИХ-ын гишүүн Батж.Батбаяр бидэнтэй ирж уулзсан. Тэр “та нарын газрыг буцааж олгох болно. Би хүүтэйгээ энэ талаар ярилцана” гэж хэлсэн. Гэтэл дараахан нь “энэ талаар дахин ярих боломжгүй наад асуудалд чинь би тусалж чадахгүй” гэж мэдэгдсэн.

-Баянхонгор аймгаас ирсэн иргэд ийн ярьж байна. Түүнчлэн тэднийг нутгаасаа ирснээс хойш УИХ-гишүүн Батж Батбаяр тэдэнтэй уулзана гэж хэлсээр бүтэн дөрөв хонож байгаа тухай тэд хэллээ. Өчигдөр тэдэнтэй 11.00 цагт эрхэм гишүүн уулзана гэсэн ч мөн л ирээгүй”. Хэдийгээр Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap дөхөж байгаа ч гэлээ тэд асуудпаа шийдүүлж эрхэм гишүүн Батж.Батбаяртай уулзахаас нааш нутаг буцах бодолгүй байгаагаа мэдэгдсэн. Иргэд тэмцлийн хэлбэрээ үргэлжлүүлэн өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр шийджээ.

С.Мөнх-Од

ubtimes

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш