logo
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025/04/15

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно.

Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм.

Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой. 

Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд:

  • 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг), 
  • 5 км-т 10.000 төгрөг, 
  • 10 км-т 50.000 төгрөг, 
  • 21 км-т 70.000 төгрөг, 
  • 42 км-т 90.000 төгрөг байна. 

Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна. 

Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцах бол 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэх юм.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авна.  Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулах юм. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш