logo
Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ

Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ

2025/04/16

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал, өмнөх байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн тухай хуулийн хэрэгжилтийг сонссон. Инновац, технологийг дэмжих чиглэлд батлагдсан боловч хэрэгждэггүй хэд хэдэн хуулиуд байна. 2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаас хойш 5 жил тутам үнэлгээ хийгдэх ёстой боловч үнэлээгүй өдий хүрсэн байна. Тиймээс Инновацийн тухай хуулийг хэрэгжилтийн талаар дүнгэлт хийх  зайлшгүй шаардлагатай гэдгийг  онцолсон.

 УИХ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн “Дөлгөөн цагаан интернэшнл” ХХК-д захиалан  хуулийн хэрэгжилтийн судалгааг хийлгэжээ. Тус компанийн судлаач Д.Жавхлан энэхүү судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тэрбээр, Инновацийн тухай хууль батлагдсан өдрөөс хойш 2021 онд хүртэл 8 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Инновацийн тухай хуулийн дээрх холбогдох заалтын хүрээнд өндөр технологи, үндэсний инновацийн чиглэлд хөрөнгө оруулалтыг огт шийдвэрлээгүй байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг шийдвэрлээгүй нөхцөл нь урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн биелэлтэд томоохон сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна. Харин Монгол Улсын 2021- 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт өндөр технологи, үндэсний инновацийн салбарын хүрээнд дээрх 2 барилгын ажлын хөрөнгө оруулалт тусгагдсан боловч өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц хангалтгүй гэж Үндэсний аудитын газрын дүгнэлт тусгагдсан байна. Инновацийн тухай хуулийг нарийвчлан зохицуулах, цаашлаад төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хоорондын харилцааг ойлгомжтой, тодорхой болгох журмын зохицуулалтууд Инновацийн тухай хуулийг батлагдсан гарснаас хойш 8 жилийн дараа буюу 2020 он болон 2023 онд голлох журмын зохицуулалтууд батлагдсан байна.

Түүнчлэн батлагдах шаардлагатай журмуудаас өндөр технологий, үндэсний инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад төрийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулах ёстой хоёр журмыг Монгол Улсын Засгийн газар өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Инновацийн тухай хууль, холбогдох батлагдсан журам нь инновацийн салбарын хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл болсон боловч, журмын хэрэгжилт нь төсвийн хязгаарлалт, хөрөнгө оруулалтын дутагдал, судалгаа, хөгжүүлэлт болон грант олгох шалгуур зэрэг шийдвэрлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай.

Инновацийн тухай  хуульд  өндөр технологи, үндэсний инновацийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх олон эх үүсвэрийг тусгаж өгсөн боловч өнөөдрийн байдлаар  ихэнх төсөл  хөтөлбөрийн  санхүүжилт зөвхөн  Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох Шинжлэх ухаан, технологийн сангаас олгогдож байна. Гэвч тус сан нь зөвхөн өндөр технологи, үндэсний инновацийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээс гадна, шинжлэх ухааны суурь судалгаанууд болон бусад нарийвчилсан бүхий л судалгааг санхүүжүүлж байна. Өндөр технологи, үндэсний инновацийн төсөл хөтөлбөрүүдэд зарим жилд 120 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт грант олгосон бол зарим жилд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь тухайн санхүүжилтийн төлөвлөгөө тогтвортой биш байгааг илэрхийлж байна.

Монгол Улсын Инновацийн дэд бүтцийн хэрэгжилт нь технологийн паркууд, инкубаторууд, хамтын оффисууд болон төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжиж байна. Гэвч тус салбарын хөгжил, дэд бүтцийг дэмжихэд асуудлууд байгаа бөгөөд цаашид илүү үр ашигтай, тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын чанар, хяналт, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх үнэлгээ хийх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэх зэргээр танилцуулаад төрөөс инновацийг дэмжих тухайд маш олон төрлийн дэмжлэгийн төрлүүд байх  бөгөөд  хамгийн  чухал нь мэдээж инновацийг  санхүүжүүлэх  явдал  байна гэв.

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээллийн дараа ажлын хэсгээс байнгын хорооны гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, А.Ганбаатар, Д. Рэгдэл, Ж.Золжаргал нар асуулт асууж, хариулт авлаа.  

Тухайлбал, Монгол Улс инновацлаг байдлаараа 132 орноос 68 дугаарт оржээ. Өөрөөр хэлбэл, 4 жилийн өмнөхөөс 10 байраар ухарсан шалтгааныг тодруулахыг хүсээд  стартап буюу гарааны бизнес эрхлэх  компаниудыг хэрхэн дэмжиж байгаа талаар асуусан.

Ажлын хэсгээс  стартап буюу гарааны компаниудыг дэмжих 10 төрлийн ажлыг 1,4 тэрбум төгрөгийн төсвөөр санхүүжүүлэн дэмжихээр төлөвлөж байна. Манай улсын инновацийн индекс ухарсан  гол шалтгаан нь мэдлэгт суурилсан бизнес эрхэлсэн бүтэц сул, судалгаа хөгжүүлэлтийн зардал бага зэрэг хэд хэдэн  шалтгаанаар   индексийг хойш нь татаж байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг, технологи шингээсэн үйлдвэрлэл хөгжих боломж тааруу гэсэн үг. Мөн хоёрдугаарт, Инновацийн тухай хууль гарааны компаниудыг дэмжсэн чиглэлд илүү олон заалттай байна. Томоохон компаниудад зориулсан дэмжлэг үзүүлэх заалт байхгүй зэрэг нь хуулийн бас нэгэн  дутагдалтай тал юм гэв. УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга  Ж.Золжаргал, 2012 онд батлагдсан энэхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй, дагалдан гарах журам гараагүй, үнэлгээ хийгдээгүй улмаар урт, дунд хугацааны хөтөлбөр гарах ёстой байсан боловч гарсангүй. Тиймээс байнгын хороо манай улсад хүчиг төгөлдөр мөрдөгдөж буй ч хэрэгждэггүй инновац, технологийн чиглэлийн хуулиудын хэрэгжилтийн мэдээлэл авч байна. Цаашид салбарын уялдаа холбоог хангах, хуулиудыг  хэрэгжүүлэхэд тулгарч буй  асуудлыг шийдэхийн тулд  холбогдох яамтай ярилцаж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах ёстой юм  хэмээн дүгнэж хэллээ  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш