logo
Таван мөнгөн аяга, 200 доллар, зөөврийн компьютер, гар буу Лу.Гантөмөр гишүүний гэрээс ташсанаа ярьсан юм...

Таван мөнгөн аяга, 200 доллар, зөөврийн компьютер, гар буу Лу.Гантөмөр гишүүний гэрээс ташсанаа ярьсан юм...

2011/06/03
1-р хэсэг
Шинэ Ганц худагтай шижээргүй явсныхаа гайгаар танилцсан минь
 ( Мөрдөнд 14 хоног хоригдсон өдрүүдийн тэмдэглэл...)
5-р сарын 3 буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.
Өмнө нь шоронд очиж сурвалжлага, нэвтрүүлэг хийж байсан болохоос биш Монголын хамгийн хатуу чанга мөрдөнгүүдийн нэг Ганц худагт цагдан хоригдоно чинээ санаж явсангүй. Зүүдэлсэн ч үгүй. Өмнө нь хэрэг төвөгт орсон найз нөхдөө бас танилаа хүртэл эргэж байгаагүй болохоор мөрдөн байцаагч Б.Гантулгыг цагдан хорих тогтоол 15.05 минутанд бариад ороод ирэхэд нь эхлээд цочирдов. Гэвч дургүй хүрээд тоосон шинжгүй царайллаа. Нагац ах маань литрээр савласан жүржийн талст, гуляш авчирч өгөв. Өглөөний 10 цагаас эхлэн мөрдөн байцаагчийн өрөөнд гарч орохоо цагдуулан сууж хөдлөөгүй болохоор учиргүй өлсч байлаа.  Амаа олохгүй шууд л гударч хахах нь холгүй идлээ.
“Мандухай сэцэн хатан” кинон дээр Исмэл сайд “хэрэг нэгэнт миний санаснаар шийдэгдсэн болохоор Мандухай чамд хэтийг чинь цахиж, нутгийг  чинь зааж өгье. Миний хатан бол” гэдэг шиг би эрүүгийн хэргийн сэжигтэн. Орох орон, очих хаяггүй, оргон зайлахад хэзээд бэлэн тэнүүлчин болж хувирав аа. Дэслэгч цолтой, 32 настай, цагдаагийн хурандаа  аавтай Б.Гантулгын цагдан хориулахаар гаргасан үндэслэлд ингэж бичигдсэн байсан юм. О.Цэндсүрэн прокурор намайг огт хараагүй мөртлөө шавилхан дэслэгчийн сэжигтнээр татах саналыг үндэслэлтэй гэж итгэсэн нь тэр. БЗД-ийн шүүхийн цагдан хорионы шүүгч Л.Оюунгэрэл хүртэл “Өө энэ залуугийн  37-ны жил нь орж яваа юм байна. Юм үзүүлнэ ээ” гэж огт хараагүй намайг занан байж, цагдан хорих захирамжиндаа гарын  үсгээ зуржээ.
Дэслэгч Б.Гантулгын ингэж хэлснийг нь насаараа эдийн засагч хийсэн, аймгийн  арслан цолтой нагац маань бас хаалганы цаанаас бас сонссон байлаа. Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулинд зааснаар бол иргэн намайг сэжигтнээр цагдан хорихоор шүүгч захирамж гаргахдаа  заавал байлцуулж батлан даах боломжтой хүн, төрөл садангаас маань батлан даах боломжтой эсэхийг асуух ёстой байдаг. Үүнийг өмгөөлөгч найз руугаа ярьсныхаа дараа л мэдэж авсан юм. Эрүүгийн хэрэг үүсгээд хоёр сарын турш дуудаад байхад нь нэг ч удаа очоогүй хэнэггүйтэж, шижээргүйтсэн учраас  хорьж байна. Анхнаасаа л цаад хүнтэйгээ учраа  ололцох  хэрэгтэй байсан. Тэгсэн бол би зохицуулж болох л байлаа гэж ирээд л хоёр нагац болоод сэжигтэн намайг 16 цагийн үед байцаагч Б.Гантулга панаалддаг юм байна. Тэгснээ 14 хоногт би нэг удаа л байцаалт авах байх. Өмгөөлөгч чинь ирэхгүй бол тэгээд л цагдан хорих хугацаа бараг л сунгагдаж таарах биз гэж ирээд л сэтгэлзүйн дайрат хийж эхлэв.
Цөс ихтэй нагацын маань нүүр нь хүрэнтээд ирлээ. Хатуухан үг хэлэх янзтай болоод явчихав. Би гараас нь татаж хориод хоёр нагац ах утсыг минь авч 16700 төгрөг өгчихөөд нүдээ ирмэн гарцгаав. Ахмад Б.Чулуунтамир, дэслэгчБ.Гантулга, ХЦДС-ийн  оюутан охин бид дөрөв 210 номерын өрөөнд үлдлээ. Ахмад нь ч ажилдаа гаршсан нэгэн болохыг гурван цаг гаруй суухдаа мэдээд амжлаа. Хоёр ахлах дэслэгч, нэг ахмад орж ирээд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж байгаа хэргийнхээ талаар ярьж,сэжигтэн, яллагдагч болоод хохирогч нарын аль алинд нь гай болчихооргүйгээр шийдэх  боломжийн талаар ярилцаад гарч байсан нь ингэж бодоход хүргэв. Архангай аймгаас ажлынхаа гарааг эхэлсэн нэгэн байлаа.
Ирэх долоон сард мөрдөн байцаах алба байгуулагдсны 90 жилийн түүхт ой болно. Тиймээс албаныхаа хэмжээнд урлаг соёл, ажил хөдөлмөрийн аваргуудаа  тодруулах шат дараалсан уралдаан зарлаж, цаг наргүй их ажлынхаа хажуугаар толгой өөд татах завгүй бэлтгэж байгааг нь ч мэдлээ.
Мөрдөн байцаах албаны 90 жилийн ойд зориулсан бүжиг, караоке тэмцээнд тасгийнхнаа бэлтгүүлэх гээд хамт олноо цуглуулжээ. Ахмад Б. Чулуунтамирын  ширээн дээр дөрвөн жил орчим мөрдөн байцаалтанд эргэж буцсан залилангийн хэрэг бас  гурван ч шинэ хэрэг байцаалтын протокол дэлгээстэй харагдсан. Ажлаа хийнгээ албан байгууллагынхаа олон нийтийн ажлыг давхар зохион байгуулах гээд их л зав муутай байсан. Сэжигтэн, хохирогч нартай утсаар ярихдаа бас  байцаалт авахдаа нэг л зангаараа эелдэг харьцахыг нь хараад манай цагдаагийнхны тал нь ядаж ийм бол гэсэн бодол төрж суув.Эхлээд цаг нөхцөөхийн тулд ажиглаж сууснаа сүүлдээ бүр илүүтэй анхаараад эхлэснийг маань хашир ахмад ч төвөггүйхэн анзаарчихна лээ. Байгаа байдлаараа ясны мөрдөгч.
 Харин дэслэгч Б.Гантулга хэргийн хавтас хийх гээд дөрвөн ширхэг цаасны ард орж их л бухимдангуй байлаа. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг энэ муу цагдаа л намайг заавал цагдан хорих гэж зүтгэлээ. Эр хүний замын хүзүү урт даа гэсэн шүү юм бодон үе үе хялайсан шигээ суугаад л байлаа. Дэслэгч нөхөр маань ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. 2005 оноос хойш ах нартай хамт хөл тавьсныг нь мэдээд амжив. Бас миний хувийн амьдралыг хариуд нь сонирхож, би ч 25-р суваг болон Ийгл телевизэд ажиллаж байснаа нэгд нэгэнгүй тоочив оо, хөөрхий. Хөдөө байгаа 86-тай хөгшин ээжийгээ л дээлтэй нь хатаах нь дээ гэсэн шаналанд автаж зүрх өвтгөнө.
19.30 минутад цагдаагийн машинд ачигдан шинэ Ганц худгийг зорив. 21.30 минутад шалган дээр нь ирлээ. Шүүхээр таслагдсан, түр байцаалтанд гарсан, цагдан хорих шүүгчийн захирамж гарсан 16 хүнтэй хамт коридорт явгалан суулгав. Хөл өвдөж байгаа гэж жигтэйхээн жигтэйхэн. Хармаан дахиа бүгдийг нь гаргалаа. Нэгжүүллээ. Ар дахь сүвээ хүртэл шалгуулав. 16700 төгрөг маань гэв гэнэт асуудал үүсгэдэг байгаа. Протокол хөтлөсөн юмгүй ахлах ахлагч бас л Гантулга хэмээгч бор залуу нэрийн дансанд чинь ирэх Даваад буюу тав хоногийн дараа хийнэ гэж хэлээд хураагаад авчихав. Цагдан хоригдогч, хоригдолууд нэрээ бичүүлээд мөнгөө хийдэг дансыг нээж хаахдаа заавал протокол хөтлөж, бүртгэдэг журамтай юм билээ. Тэр мөнгөөрөө хоол, унд, тос, масло, чихэр жимс гээд хэрэгцээтэй бүхнээ захиалан авч болдог юм билээ. Энэ Мягмар гараг уур бухимдал дэврээсэн Гантулгуудтай учруулсан хар өдөр болов шүү. Цагдан хорих руу орж ирлээ. Бас л шалгалт. Хувцсаа хураалган уутанд хийлгээд өгсөн ногоон хувцасыг нь өмслөө. Хүлээлгийн 19 тоот камерт оронгуут тар няр хийн тасхийтэл түгжүүллээ. Өдөржингөө сууж бас сэтгэл санаагаар явчихсан байсан болохоор шууд л унаад өгсөн юм. Хажууд жорлон, дээр нь нэг ор тэгээд л цагаан даавуутай хөнжил. Ядарсандаа нам унтав. Өглөө битгий болоосой!!! Үүр битгий цайгаасай.
5-р сарын 4-6
Хүслээр болсонгүй үүр цайлаа. Өглөө ч болов. “Сий-рээд!” командаар долоон цагт босч ороо хураалаа. Ганцаараа болохоор уйтгартай, даарах, жихүүцэх янзтай. Өмнө нь хоёр хүн хоригдож байсан бололтой ногоон полимерон аяга тавцан дээр байсан юм. Босч бие засаад эргээд хэвтээд л байлаа. Цонхоор харахад автобус, машин хөлхөж, шинэ ажлын өдөр хэдийнээ эхэлжээ. Гомдол гаргасан новшнууд бас эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан дэслэгчээ жаал хараав. Ямаа туйлаад янгиа эвдэж, тэмээ туйлаад тэнгэрт хүрэх биш дээ ямар. Бараг цаг болсны дараа түрдэг тэргэн дээр 40 литрийн бетон дүүрэн цай түрсэн хянагч ирлээ. Аяга хар цай, тал талхаар төр хишиг хүртээв шүү. Төр ч гэж дээ Ганц худаг хувь өгөв. Голдоо шал түүхий болохоор нь өлссөндөө захыг нь л мэрлээ. Танхай эрэмцүү явж, Тэрнээсээ болж оносноосоо илүүтэй алдаж байгаадаа шаналсан хэвээрээ… Удаж, удаж нэг дэслэгч, гурван ахлагчаа дагуулан үүдэнд ирээд нүцгэлүүлж, цээж үзэв. Хүсэх зүйл байна уу гэхэд нь хүнтэй өрөөнд л оруулаад өгчих гэж гуйгаад амжлаа. “Удахгүй хуваарилна, хүлээж байгтун сэтгүүлч гуай” гээд яваад өгөв өө.
Хөршүүдтэйгээ хальт танилцав. Ч.Анх-Эрдэнэ гэх залуу УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн гэрийг ухчихжээ. Хэрэг хам Мэндээг нь эхэлж баривчилан дараа нь хаширыг цагдаагийнхан олоод амжсан нь тэр байлаа. Өмнө нь тэд ял эдэлж явжээ. Таван мөнгөн аяга, 200 доллар, зөөврийн компьютер, гар буу гишүүний гэрээс ташсанаа ярьсан юм. Зүүн камерт хулгайн бүлэг хэрэгтээ 2.4 жилийн ял сонссон хоёр залуу хөршлөв. Бага үдийн алдад хүлээлгэнд хоносон биднийг камераас гаргаж хоёр давхрын хоёр ч шалганыг өнгөрөөгөөд гурван давхарт авчирч явгалан суулгав. Ээлж ээлжээр дотогш оруулан гурван талаас маань зураг авч, гар, хурууны хээ, шарх, сорви, царайны төрхийг, биеийн өндөр, жинтэй маань данслан авлаа. Надтай долоон хүн хамт данслагдсаны гурав нь танхайн хэргээр буюу 181.3-аар 3.6 жилийн, хоёр нь хулгайн 145.2-р зүйл ангиар 2.4 жилийн, насанд хүрээгүй нэг хүүхэд зургаан жилийн чанга, нэг нь сэжигтнээр татагдсан байлаа.
Гар дээр АЗ-24 гэсэн тоо бичээд нэг ахлагч намайг дагуулсаар хоёр давхар луу буун хүндэтгэлтэйеэ хүргэж өгөв. Ахиад л бүртгэл, хянагч нь их л няхуур зан гарган бүртгэж сууснаа, “Та чинь хаанахын хэнсэн билээ? Таньдаг ч хүн шиг” гэв. “Хотынх, хүн андуурсан байх” гэж анх удаагаа өөрөө ч мэдэлгүй шорон зан гаргав. Шинэ камерт  мориллоо. Гурван залуу сууж байсны нэг нь Д.Доржням найз маань байв. Бид дуу алдан уулзлаа. Гайхсан хянагч, камер хамууд маань барьц алдах шахсанаа дараа нь хэлж билээ. БГД-ийн шүүхийн тамгын газрын дарга Н.Баасанцогттой Төв шуудангийн өмнөх замын бөглөөн дээр хэрэлдэж, дараа нь баривчлана барина гэхээр нь салам авалцсанаас болоод хоригдсон байлаа. Таван сар тав хоносноо ч ярив. Би ч өөрийнхөө паянг хэллээ. Камер хам Мөнхөөгийн Баяраа, Гомбосүрэнгийн Отгонбаатар хоёр маань хохиролгүй хулгайн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан 21-23 насны залуус. Хүүхдийн колониор дамжсан М.Баяраа Шарын голоос эгчтэйгээ сүү зарах гэж ирээд таван настайдаа хотод төөрсөн нэгэн. Хаяг тогтоох газар, шашны байгууллагуудын халамжийн төв, траншей, буудал, тэгээд шорон… Их цэвэрч, жаахан шулга боловч ухаалаг яриатай, дөлгөөн залуу байсан шүү. Харин Г.Отгонбаатар Дарханы хүүхэд. Солонгосоос хүргэнийхээ явуулсан машиныг Да Хүрээ зах дээр эгчтэйгээ хамт зардаг “панзчин”. Найзуудтайгаа юм ташаад бараг л үйлдэл дээрээ баригдаж харин нэг нь оргон зайлаад барьж иртэл нь өөрийг нь  цагдан хорьсон гэдгээ ч хуучлав. Манай Доржоог бол миний үеийн сэтгүүлчид андахгүй дээ. Тэднээс элдэв сонин сонсч эхэллээ.
…2011 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөөний 10 цагаас хойд Ганцаас тэдний тусгайгийн хамгаалалтан дор 24 автобусаар бүтэн өдөржин нүүлгэн авчирчээ. 650 орчим сэжигтэн, бас хоригдол байсан аж. Тэдний дотор АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга Л.Сундуйсүрэн, СГЗ, сэтгүүлч, зохиолч До.Чулуунбаатар, хүн амины хэрэг үйлдсэн шүүгч гээд олон содон хүмүүс хамт ирцгээсэн юм билээ. Шинэ цагдан хорин Ганц худаг нийтдээ 364 өрөөнд 1000 сэжигтнийг саатуулах багтаамжтай, сахилгын 14, өлсгөлөн зарлагчдыг тусгаарлах 10, прокурор, өмгөөлөгчийн ажлаа явуулах 24 өрөөтэй. 120 хүн эмчилж сувилах эмнэлэг ч бас барьжээ. Нийтдээ 14 тэрбумаар боссон гэдэг ч жорлон, ор, камер нь бүгд CHINA. УИХ дээр сурвалжлага хийж явахад шинэ шорон барихад эхлээд есөн тэрбумыг, дараа нь таван тэрбумыг нэмэн өгч байсан юм. Хоёр ч том эмнэлэг барих мөнгөөр туйлжээ. Хойдохоо бодвол нөхцөл нь сайжирсан юмсанж. Хүн алгадлаа л бол ял сонсчихож мэдэх хатуу хуультай болсноос хойш шоронд хоригдогсод багтахаа байсан. Бас ихэнх шорон хуучирч, нурах шахсанаас болоод дэндүү шударга зан гарган хэтэрхий сүржигнэх хэнээтэй Ц.Нямдорж 14 тэрбум төгрөгөөр шорон бариулсан нь тэр байлаа. Шинэ хорихын Яармаг руу харсан цонхоор сайдын том хаус харагдаад Нүхтийн зүг хараа бэлчээхээс ч дургүй хүрэхийг нь яана гээч. Шударга байх, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх хоёрын хооронд их том зай байдгийг тэгэхэд л ойлгож авлаа.
…Тэр өдөр их л хурдан өнгөрөв. Өдөржингөө буу халсан бид оройны унтах ёстой 23 цагаасаа өмнө орондоо орцгоов. Доржоо бид хоёр ч буу халаад л байлаа. Нөгөө хоёр маань удсан ч үгүй хурхирч гарлаа. Өглөө босч цайгаа ууж, талх идсэний дараа нийгмийн ажилтан гэх том алаг нүдтэй бүсгүй ирэв. Цэрэг хувцастай сэтгэл судлаач, нийгмийн ажилтан хоёрыг хараад ажил үүрэг нь мэргэжилтэй нь мөн ч их хол зөрж байгааг хэлчихмээр санагдаад болсонгүй. Хянагчийн хувцастай сэтгэл судлаачид хоригдол, сэжигтэн яллагдагчийн хэн нь ч гэсэн сэтгэлээ онгойтол юмаа ярихгүй л болов уу? Бусад нь яах юм бэ мэдэхгүй, би лав ярихгүй дэг…
Камер хам Г.Оогийд эргэлт ирж, бид нормын хоолоо шинэчлэв. Үдийн алдад ИХН-ын дарга, Анодын Н.Даваа орж ирлээ. АЗ-27-р камерт буюу гурван өрөөний цаана оруулав. Өрөөний хэддээ морьтой жагсаал болсон. Дахиад 500 морьтон оруулах гэж байгаа. Их хуралдай гээд л баахан сонин ярилаа. Тэд мэдээллээс тасраад 1-5 сар болчихсон учраас надаас баахан юм шалгаав. Би ч эфирт байгаа юм шиг ярьж гарлаа. Цаг ч хурдан өнгөрснийг анзаарсангүй. Өдрийн хоол, цай, бас оройн хоол болгов. Баасан гарагийн өглөөнөөс эхлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд нарлагаанд гарч байгааг цонхоор харлаа. 15 цагийн үед шинэ Ганцын торон дундаас эрх чөлөөндөө бялуурсан хотыг харан нарлав аа. Тэнгэрт нисэх шувуунд яагаад ч юм бэ атаархав. FREEDOM.
Үргэлжлэл бий...

Л.ПҮРЭВНЯМ /  Гоо маралын шагналт сэтгүүлч /
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш