Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан боллоо. Тус хуралдаанд НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж. Болдбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга хурандаа Ч. Намсрайжав нар мэдээлэл хийв.
Өнгөрсөн 1 дүгээр сарын 4 нөөс 22 ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажил нийслэлд явагдаж өнгөрлөө. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, ЗХЖШ-ын даргын 2003 оны 1022 дугаар тушаалаар баталсан “Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”-ын дагуу энэ арга хэмжээг явуулдаг юм. 2012 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж 152 хороодод зохион байгуулжээ. Бүртгэл 97,5 хувьтай байсан байна. Үлдсэн 3914 хүнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан бүртгэлд хамруулна гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж. Болдбаатар нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр танилцуулав. Энэ жилийн бүртгэлийн үр дүнд цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг дүүрэг, хороодод сууриулсан байна. Энэ нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цахим Улаанбаатар” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил болж байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг Засаг захиргааны анхан шатны нэгж болох 152 хороодоос хурдан шуурхай үзүүлэх ажил хийгджээ. Цаашдаа дүүргүүдийн Цэргийн штаб хороодод бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах боломж бүрдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаагаас нийслэлд гал түймрийн дуудлага өссөн байна. Иргэд санамсар болгоомжгүйгээс болж гэр байшингаа шатаахаас гадна машинаа гэсгээх гэж байгаад дэлбэлсэн тохиолдол гарчээ. Ялангуяа сүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн дуудлага эрс өссөн тухай НОБГ-ын дэд дарга хурандаа Ч. Намсрайжав онцлов. Түүнчлэн хий ашиглах заавар журмыг мөрддөггүйгээс аюул осол тасрахгүй байна. Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт Танан импекс компанийн цайны газар 14 литрийн багтаамжтай хийн баллоны хий алдагдсаар байхад дуудлага өгөлгүй хэнэггүй зан гаргаснаасаа болж тус цайны газрын тогооч 50 настай У нүүрээ битүү түлж эмнэлэгт хүргэгджээ. Гаазтай холбоотой томоохон аюул осол гарсаар байхад сэргэмжлэхгүй байгаа нь иргэдийн сонор сэрэмж хариуцлагатай шууд холбоотой гэж байв. Түүнчлэн зам тээврийн осол гэмтлийн дуудлага ихэсчээ. Ялангуяа халтиргаа гулгаанаас болж том оврын автобуснуудын дунд суудлын жижиг тэрэг хавчуулах явдал гарсан байна. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа н. Жаргалсайхан мэдээлэл өгөв. Том оврын автобуснууд ноцтой аваар гаргасан тул Замын цагдаагийн газар нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад шалгалт хийжээ. Халтиргаа гулгааг арилгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна.
Тун удахгүй ахмад настнуудаа дээдлэн хүндлэх сар шинийн баяр болно. Энэ баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 100 наснаас дээшхи буурлуудад Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр нийслэлд хотод амьдарч буй 95 наснаас дээш настай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 100 наснаас дээш насалсан 44 буурай, 95 наснаас дээш настай 238 буурал аж төрж буй ажээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр настан 114 настай болохыг Нийслэлийн ахмадын хорооны дарга н. Болдбаатар хэлэв. Ахмадуудын тоо судалгаа зөрдгөөс зарим буурлуудад гарын бэлэг хүргүүлж чадалгүй гомдоох зүйл гардаг. Энэ алдааг гаргахгүй байхыг тэрбээр хүслээ. Өнөөдрийн шуурхай хуралдаан дээр НЗДТГ-ын дарга Ц. Болдсайхан Нийслэл хүрээний 100 жилийн ой болон Засгийн газраас гаргасан төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай албан даалгаврын талаар удирдах албан тушаалтнуудад мэдээллээ.
Ингээд Хотын дарга Г. Мөнхбаяр ирэх 14 хоногт хийх ажлуудын талаар үүрэг даалгавар өгсөн юм.
Ажилгүй иргэдийн бүртгэл, түүвэр судалгаанд тулгуурлан иргэдийг бүлгийн зохион байгуулалтаар ажиллуулах болон ажил үйлчилгээ нь жигдэрч ихээхэн хэмжээний татварыг улс, нийслэл, дүүрэгт төлдөг аж ахуйн нэгжүүдийн ажлын байран дээр түшиглэн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх асуудлыг нийслэлийн Хөдөлмөрийн газар судалж үзэх.
Дүүргүүд тухайн жилийн зорилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлуулж ажиллах.
ХОЁР. Өнгөрсөн онд нийслэлийн төр, захиргааны байгууллагаар дэмжүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр банкнаас зээл авч үр дүнд хүрсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, ярилцлага хийж зөвлөлгөөн зохион байгуулах, бүтээгдэхүүнийг нь сурталчилсан үзэсгэлэн худалдаа гаргах ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хариуцах.
ГУРАВ. Нийслэлийн Нийтийн тээврийн газар сар шинийн баярын өмнө нийтийн тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн гэрээний биелэлтийг Замын цагдаагийн газартай хамтран авч үзэж үйлчилгээний доголдлыг арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар энэ онд ажиллах чиглэлээ тогтоох, нийтийн тээврийн хэрэгслэлээр үйлчлүүлэгчдийн саналыг авах.
Авто тээврийн хэрэгслэлийн үзлэг, оношлогооны үеэр шаардлага хангахгүй нийтийн тээврийн хэрэгслэлийг шугам замын үйлчилгээнээс гаргах.
ДӨРӨВ. Нийслэлд 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн “Хөрөнгө оруулалтын олон улсын чуулган-2012” зөвлөлгөөнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр усны хангамж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, метро байгуулах, давхар зам барих, гэр хорооллыг барилгажуулах, Сэлбэ голыг сэргээх, Туул голд минж нутагшуулах, нийгмийн салбарт концессын зүйлийн жагсаалтаар хэрэгжүүлэх зэрэг томоохон төсөл, арга хэмжээнүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгохоор холбогдох байгууллагууд хамтран бэлтгэх.
ТАВ. Дүүргүүдийн ЗДТГ, хороод ахмадуудын бүртгэлээ шинэчлэн тулгалт хийх, сар шинийн баяр угтаж байгууллагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-20-ны өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээ хийх.
ЗУРГАА. Монгол Улсын “Тендерийн тухай” хуулийн заалтын дагуу үнэлгээний хорооны гишүүдийн олонх нь худалдан авах ажиллагааны сертификаттай байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 06-наас эхлэх сургалтад үнэлгээний хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг бүрэн оролцуулах ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулах.
ДОЛОО. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад анхаарлаа хандуулж юуны өмнө авто замын трасст болон барилга барих талбайн зураглалд орсон объектуудыг нүүлгэн газар чөлөөлөх, салбарын яамдаас эрх шилжиж ирсэн ажлуудыг гүйцэтгэхэд хугацаа алдахгүй байх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн явцыг хянахад иргэдийн болон Төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.
НАЙМ. Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх тохижилтын ажлын зураг, төсвийг танилцуулах, орон сууцны хорооллын дундах болон гэр хорооллын гэрэлтүүлгийн тендерийг яаралтай зарлах ажлыг дүүргүүдийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба хариуцан гүйцэтгэх.
ЕС. Авто зам, хот тохижилт, инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх байгууллагууд засварын ажлын графикаа ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэст энэ сарын 15-ны дотор өгөх. ЗАА нэгдсэн график хийж батлуулах.
АРАВ. Монгол Улсын Засгийн Газрын “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулах тухай” 01 тоот, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах тухай 02 тоот албан даалгаврыг судалж хэрэгжүүлэх ажлыг бүх шатны байгууллагууд зохион байгуулах.
АРВАН НЭГ. “Нийслэл хүрээ”-ний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээнүүдийг хариуцсан байгууллага, албан тушаалтнууд сайн зохион байгуулах, нийслэлийн түүхээ иргэдэд сурталчилах.
АРВАН ХОЁР. Ирэх сонгуулиар сонгогчдын тоог харгалзан санал өгөх байрын тоо нэмэгдэх учир дүүргүүдийн ЗДТГ сонгуулийн хэсгийн хорооны санал авах байруудыг хаана хаана байгуулахаа одооноос товлож байх, төрийн бүх шатны байгууллагад ажилладаг төрийн болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хэсэг, тойргийн хороодыг байгуулахтай холбогдуулж байгууллага бүр хэсэг, тойргийн хороодод ажиллах боломжтой ажилтнуудын судалгааг гаргасан байхыг тус тус үүрэг болголоо.