logo
Тогтвортой амжиргаа II” төслийн үр шимийг 1 сая гаруй хүн хүртжээ

Тогтвортой амжиргаа II” төслийн үр шимийг 1 сая гаруй хүн хүртжээ

2012/02/08
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн  хуралдааны эхэнд “Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх яамба, дархан эрхийн тухай конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ) нь Ази тивд аюулгүй байдал, хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, терроризмтэй тэмцэх зэрэг өнөөгийн дэлхий дахины амин чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх үндсэн зорилготой олон талт яриа хэлэлцээний байгууллага юм байна.
Казахстан Улсын санаачлагаар энэ байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө Азербайджан, Афганистан, Вьетнам, Египет, Израиль, Энэтхэг, Иордан, Ирак, Иран, Казахстан, БНХАУ, БНСУ, Кыргизстан, Монгол Улс зэрэг 22 гишүүн улстай бөгөөд Малайз, АНУ, Украин, Япон зэрэг 9 улс, НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Арабын улсуудын холбоо зэрэг 3 олон улсын байгууллага тухайн байгууллагад ажиглагчийн статустай аж.
АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын (НБДГ) дүрмийг 2006 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулах замаар тус хурлын НБДГ-ыг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар тогтоолоор энэ дүрмийг баталснаар Монгол Улс НБДГ-ын дүрэмд нэгдэн оржээ.
Энэ дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт АХАИББХ-ын гишүүн улсууд нь НБДГ-ын болон түүний ажилтнуудын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт эдлэх эрх ямба, дархан эрхийн талаар тусгайлан хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх ямба, дархан эрхийн тухай конвенц” байгуулжээ.
Энэхүү конвенцийн дагуу НБДГ болон түүний ажилтан, АХАИББХ-ын хүрээнд зохион байгуулагдах хурал, чуулганд оролцох гишүүн улсуудын төлөөлөгч нарт үндсэндээ НҮБ-ын Төрөлжсөн байгууллагуудын эрх ямба, дархан эрхийн тухай конвенциор олгодогтой адил эрх ямба, дархан эрхийг тухайлбал НБДГ, түүний өмч, эд хөрөнгө хаана байршилтай, хэний мэдэлд байхаас үл хамааран захиргааны аливаа арга хэмжээ, шүүх үйл ажиллагаанаас ангид байх, гаалийн болон татварын хөнгөлөлт эдлэх, АХАИББХ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй хуралд оролцож буй гишүүн улсуудын төлөөлөгчдөд дипломат ажилтанд олгодогтой адил эрх ямба, дархан эдлүүлэх зохицуулалттай юм байна. Гишүүд уг асуудлыг хэлэлцээд чуулганы нэглсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2007 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийг найман төсөл хэрэгжүүлэхэд зориулан олгожээ. Харин 2011-2015 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор Ерөнхий хэлэлцээрийн төслийг тохиролцоод байгаа юм байна. Манай талаас 8 төслийг танилцуулсан бөгөөд БНСУ-ын талаас жилд 1-2 төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт өгч болох тухайгаа мэдэгдсэн юм байна. Эхний ээлжинд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зээлийн хүсэлтийг Солонгосын талд албан ёсоор тавиад байгаа ажээ.
Харин Солонгосын Засгийн газар “Ногоон өсөлт”-ийг дэмжиж байгаатай холбогдон “Сэргээгдэх эрчим хүч”-тэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт олгох сонирхолтой байгаа бөгөөд энэ чиглэлийн төслийн санхүүжилтийн хүүг илүү хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжтой хэмээн илэрхийлжээ. Энэ тохиолдолд зээлийн хүү 0.05 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил болох боломжтой гэнэ. Харин үндсэн зээлийн хүү нь 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 35 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм. Байнгын хорооны гишүүд уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн байнгын хорооны гишүүд дэмжлээ.
“Тогтвортой амжиргаа II” төслөөс хүн амын нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, бэлчээрийн эрсдлийг бууруулах чиглэлээр иргэдээс гарсан саналуудыг дэмжиж оруулсан хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдсэн ажлаас 1 сая гаруй хүн үр шимийг нь хүртэж, 1125 хүн байнгын, 756 хүн улирлын шинжтэй, 14740 түр ажлын байраар хангагдсан мэдээ байна. Ерөнхий болосвролын 434 сургуулийн байрыг засч, 201 дотуур байр, 459 цэцэрлэгт төсөл хэрэгжүүлсэн байна. Нийтдээ 93 халуун усны газар, 171 ундсны усны худгийн төслийг хэрэгжүүлсэн аж. Бэлчээрийн эрсдлийг бууруулах чиглэлээр нийт 3959 санаачилгыг дэмжсэн байна. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 11 сая ам.долларыг “Тогтвортой амжиргаа II” төслийн нэмэлт санхүүжилтээр хуваарилахаар Дэлхийн банктай тохирсон ажээ. Энэ зээл нь хүүгүй бөгөөд зээлийн үйлчилгээний шимтгэлд жилийн 0.75 хувийн хураамжийг төлж, 20 жилийн хугацаатай авах юм байна.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн дэмжлээ.
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийт 170 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 7-10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт дутагдаж буй 293 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын 3 төв, 34.9 км орон нутгийн зам, 3 гүүрний барилгын ажил, салбарын чадавхийг бэхжүүлэх, институцийг сайжруулах ажлуудыг тус тус хийхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш