logo
Хятадад

Хятадад "үлэмж" хүү мэндэллээ

2012/02/09
Хятадын Хенан мужийн эмнэлэгт долоон кг гаруй жинтэй Чүн Чүн гэдэг мяраалаг хүү мэндэлжээ. Магадгүй тэрээр Хятадад төрж байсан хамгийн хүнд жинтэй хүүхэд байж болох юм. Түүний аав Ханжинган хүү нь луу жилд төрсөнд үнэхээр баяртай байгаагаа хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Манай эхнэр бусад бие давхар эмэгтэйчүүдтэй л адилхан байсан, энгийн үеийнх шигээ хооллодог байсан, гэхдээ эхнэр маань луу жилд надад ийм том хүү төрүүлж өглөө, би үнэхээр баяртай байна" гэжээ.
Хүүгийн ээж, 29 настай Ван Южуан одоо зургаан настай охин нь дөрвөн кг жинтэй төрж байсан учраас ийм том хүүтэй болно гэж бодож байгаагүй гэдгээ хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Би хүүгээ тээж байхдаа охиноо тээж байх үеэсээ илүү удаан хөдөлгөөнтэй байсан, миний гэдэс ч илүү том байсан, хүүхэд маань 4.5 юм уу таван кг жинтэй төрнө гэж бодож байсан, хүү маань долоон кг жинтэй төрнө гэж огт бодоогүй" гэжээ.
Хэдийгээр Чун Чун хүү хамгийн хүнд жинтэй төрсөн хүүхэд биш хэдий ч түүнийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт эцэг эх нь итгэлтэй байна.

1879 оны нэгдүгээр сарын 19-нд Америкийн Охайо мужид Анна Бэйтс гэдэг эмэгтэй 10.8 кг жинтэй хүү төрүүлж байжээ. Анна 2.27 метр өндөртэй байсан байна. Гэхдээ түүний хүү төрснөөсөө 11 цагийн дараа нас баржээ.
Харин 1955 оны есдүгээр сард Италийн иргэн Кармелина Феделе 10.2 кг жинтэй хүү төрүүлж байсан аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш