Олон улсын хөл бөмбөгчдийн үйлдвэрчний эвлэл судалгааны Black Book Eastern Europe буюу -Зүүн Европын хар ном»-оо танилцуулжээ. Зүүн Европын 12 орны нийт 3500 гаруй хөл бөмбөгчнөөс санал асуухад «цаашид тэвчихийн аргагүй» асуудлууд байдаг нь илэрчээ.
Тухайлбал, хөл бөмбөгчид хүчирхийлэлд өртдөг, тэдэнтэй байгуулсан гэрээ зөрчигддөг, тэрчлэн тохиролцооны тэмцээн болдог аж. Энэ номыг хөл бөмбөгийн толгой байгууллагууд болох Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/, Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/, тэрчлэн Европын Комисс болон Европын парламент хэрхэн хүлээж авахыг ҮЭ-ийнхэн хүлээж байна.
Хөл бөмбөгийн ҮЭ-ийнхэн өнгөрсөн зунаас эхлэн явуулсан судалгааныхаа дүнг нийтэлсэн 176 хуудас бүхий «Хар ном»-доо Орос, Болгар, Унгар, Грек, Казахстан, Польш, Серб, Словени, Украин, Хорват, Черногор, Чех улсыг оруулжээ. Эдгээр улсын дээд лигийн 3357 хөл бөмбөгчнөөр 21 асуулт бүхий анкет бөглүүлсэн байна. Асуултуудыг «Цалин ба бонус», «Бэлтгэл сургууль», «Хүчирхийлэл», «Сүрдүүлэг ба мөрдлөг», «Тохиролцооны тоглолтууд», «Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах» гэсэн сэдвүүдэд хуваасан байна.
Судалгааны дүн «аймшигтай дүр зураг»-ийг харуулсан бөгөөд Зүүн Европын мэргэжлийн хөл бөмбөгт тоглогчдын эрхийг зөрчих явдал хэвийн үзэгдэл болсны баримт нотолгоо болжээ.
Судалгаанаас үзвэл, хөл бөмбөгчдийн 41,4 хувь нь гэрээнд заасан цалингаа хугацаанд нь авч чаддаггүй байхад бараг найман хувь нь цалингаа хагас жилээс илүү хугацаагаар хүлээдэг гэнэ. Тэрчлэн тоглогчдын 53,4 хувь нь гэрээнд заасан урамшууллыг /бонус/ хугацаанд нь авч чаддаггүй байна.
Цалин саатахаас илүү аймшигтай зүйл хөл бөмбөгчдөд тохиолддог аж. Тоглогчдын 15 хувь нь багийнхнаасаа тусдаа ганцаараа бэлтгэл хийж байжээ.
Энэ нь гэрээ болон спортын ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн хэрэг аж. Тэрчлэн 11,7 хувь нь хүчирхийллийн золиос болж, 10,2 хувь нь сүрдүүлэг, мөрдлөгийн хохирогч болсон байна.
Номыг зохиогчдын үзэж байгаагаар, Зүүн Европын хувьд тохиролцооны тоглолт дэндүү олон удаа болдог аж. Судалгаанд хамрагдагсдын 11,9 хувь нь дор хаяж нэг удаа «тохиролцох» санал хүлээн авч байжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ