logo
Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2012/02/10
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд нар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барилаа. Хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн З.Энхболд, Г.Батхүү, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Х.Баттулга нар санаачилсан байна.
Орон нутгийн хурлын ээлжит сонгууль УИХ-ын ээлжит сонгуультай зэрэг зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан төслийн 3 дугаар зүйлд цаг хугацааны зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, Орон нутгийн хурлын сонгуулийн зарим зардлын хэмжээг орон нутгийн хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зарлахыг 60 болгосон. Түүнчлэн УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн санал авах хуудас нэг байх, түүнд нэр дэвшигчийн нэр бичих, хэвлүүлэх, хүргүүлэхэд цаг хугацаа шаардлагатай болохыг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгэж дуусахаар өөрчлөлт оруулжээ. Мөн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь тухайн орон нутагт нэг жил оршин суусан байх хуулийн заалтыг тусгасан байна.
УИХ-ын сонгуулийн хороод, орон нутгийн хурлын сонгуулийн хороод хоорондын харилцан хамаарал, статус, тэдгээрийн чиг үүргийг хуулийн төслийн 4 дүгээр зүйлд заасан байна. Сонгууль явагдах хугацаанд гарах бүх харилцааг Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан зохицуулахаар тусгасан байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш