logo
АТГ: 111 гомдол шалгаж, 8 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

АТГ: 111 гомдол шалгаж, 8 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026/05/04

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 16 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13-т нь хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 81 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус хугацаанд эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах санал гаргаж прокурорт хүргүүлэв. Мөн 2 хэргийг нэгтгэн шалгаж, нийт 946 хэрэг мөрдөн шалгах шатанд үлдэв.

Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдэд албан тушаалаа урвуулан ашиглах, сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөх, бусдын хөрөнгийг завших, төрийн өмчит компанийн орлогыг хувьдаа ашиглах, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохын тулд хахууль авах зэрэг үйлдлүүд багтжээ.

Мөн удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар 1.8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, 291.1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш