Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.
Тэд Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон байна. Мөн холбогдох яамдтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай байна. Хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов.
Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран шийдвэрлэхээр болов.
Мөн Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг судлах чиглэл өгчээ.
Үүнээс гадна шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх, аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаныханд үүрэг болголоо.
