logo
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

50 минутын өмнө

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.

Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.

Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.

Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:

  • Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
  • Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
  • Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
  • Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
  • Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш