logo
Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд танилцах аяллаар  эх орондоо иржээ

Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд танилцах аяллаар эх орондоо иржээ

2026/08/05

Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид, Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Эх оронтойгоо танилцах аялал” нь Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх улсынхаа соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгодог юм.

Энэ удаагийн аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, боловсрол, мэргэжил, ажил, амьдрал, амьдарч буй улс орон, ойрын болон ирээдүйн зорилгынхоо талаар ярилцжээ. Мөн үрчлэлтийн ач холбогдол, үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцсан байна.

Уулзалтын үеэр хүүхдүүд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул УИХ-ын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дотоод, гадаад хүүхэд үрчлэлтийн шийдвэрийг гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэхээр тусгажээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллахаар болсон байна.

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл хүүхдийн хөгжлийн тайланг 18 нас хүртэл нь хагас жил тутамд холбогдох байгууллагаар дамжуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх зохицуулалт тусжээ.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд талархалтай байгаагаа илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангахад улс орнуудад хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжилсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш