Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.
