Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад шүлхий өвчний тархалтын эрсдэлийг бууруулах, болзошгүй дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсын баруун бүсэд гарсан SAT1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтад шаардлагатай вакциныг богино хугацаанд нийлүүлсэнд Ланжоугийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнд талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар болон тус хүрээлэнгийн хамтын ажиллагааг цаашид урт хугацаанд үргэлжлүүлж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо болон био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлого болон хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.
Ланжоугийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид тус байгууллагын судалгаа, үйлдвэрлэл болон малын гоц халдварт өвчний эсрэг үйлдвэрлэж буй вакцинуудын талаар танилцуулжээ.
Талууд уулзалтын төгсгөлд Ланжоугийн хүрээлэнд үйлдвэрлэж буй шүлхийн вакцины антигений өтгөрүүлгийг Монгол Улс худалдан авах боломж, нийлүүлэлтийн нөхцөл болон техникийн шаардлагын талаар санал солилцсон байна.
