Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны арваннэгдүгээр сарын 16–22-нд эрүүгийн 1032 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөн гурван хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор 1006 хэрэг мөрдөн шалгах шатанд байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдийн дунд дараах хэргүүд багтжээ.
- Нэр бүхий иргэд үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ авахын тулд нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараа хахууль өгсөн гэх хэрэг.
- Нийтийн албан тушаалтан гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээр бусдын банкны дансыг ашиглан хэрэглээний зээл, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлж, гэрээний мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх хэрэг.
- Нийтийн албан тушаалтан барилга угсралтын ажилд мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүйгээр гүйцэтгэгчид орон нутгийн төсвөөс 328.4 сая төгрөг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэг.
АТГ мөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 29-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, тавд хэрэг нээхээс татгалзах, нэгийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Үлдсэн 73 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар гурван мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
