МСБХ-ны Пэпси дээд лигийн тэмцээний улирлын тоглолтууд нэмэлт хувиарын дагуу өнгөрөгч ням гарагт СТО-нд явагдаж өндөрлөлөө. Энэ тойрогт Офицерууд баг анхны ялагдлаа TLG-13 багт хүлээсэн нь гол сенсааци болсон юм. Эхний тоглолт Харцага болон Баянзүрх Бүллс багуудын хооронд болсон. Плэйоффт хоорондоо таарах магадлал өндөр хоёр багийн тоглолт үзэгчдийн хүлээлтийн дор байсан ч тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй. Бүллсийн дасгалжуулагч Цэвэрбал биеийн байдлын улмаас сүүлийн хоёр тоглолтонд багтайгаа хамт байгаагүй нь тоглолтонд нь нөлөөлсөн нь ойлгомжтой байлаа. Тэдний эсрэг Харцагийн Марко Павлович 25 оноо 15 сба хийж шилдэг тоглолтыг гаргаснаар багаа хожилд хүргэсэн гэхэд болно. 65-52 харьцаатайгаар Харцага улирлын хоёрдахь ялалтаа байгуулсан юм.Удаах тоглолт лигийг хожигдолгүй тэргүүлж байгаа Офицер болон TLG13 Багуудын хооронд өрнөсөн. Өнгөрсөн жилийн сүүлийн тойрогт таарахад ТЛЖ илүүрхэж улмаар тавдугаар байраар тэмцээнийг дуусгаж байсан. Энэ удаад ч дээрх түүх давтагдсан юм. TLG13 багаас гурван ч тоглож 20 болон түүнээс дээш оноог авсан. Тэдгээр нь Цэнгүүнбаяр, Төрмөнх, Блэйк нар байсан. Офицеруудаас Күйнтин Паттин 23 оноо 13сба, Роберт Пэрри 21 оноог авч багаа тэргүүлсэн ч дөрөвдүгээр үед тэд сайн байж чадаагүй юм. ийнхүү үндсэн цагт TLG13 96-85 харьцаатайгаар ялалт байгуулж лигийн анхны хожлоо авсан бол Офицерууд анхны ялагдлаа хүлээлээ.Сүүлийн тоглолт ШУТИС, QGX компанийн Акулууд, Хас Банкны Хасын Хүлэгүүд багуудын хооронд өрнөсөн. Бэлтгэл муутай тэмцээнд оролцож байгаа Шаркс хүчирхэг Хүлэгүүдийн эсрэг эхний гурван үед тэнцүүхэн өрсөлдсөн ч сэлгээ муутай тэд сүүлийн үед хангалттай байсангүй. 77-70 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм.