logo
Төр, засгийн хариуцлагатай алба хашиж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ

Төр, засгийн хариуцлагатай алба хашиж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ

2012/03/10
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар  Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан төр, засгийн хариуцлагатай алба хашиж буй эмэгтэйчүүдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, Монголын эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийн амьдралд асар их үүргийг гүйцэтгэж байгаа. Үүнийг төр засаг сайн мэддэг, үнэлдэг. Та бүхнийгээ улам сайн сайхан байлгахын төлөө төрийн зүгээс анхаарал тавьдаг. Эмэгтэйчүүд өөрийнхөө эрхийг хамгаалахын зэрэгцээгээр монголын нийт иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар их зүйлийг хийдгийг бид бахархан тэмдэглэж байна.
Хүний амьд явах эрхийн гол хэсэг болсон эрүүл мэндийн асуудалд монголын эмэгтэйчүүд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Манай нийт эмч нарын дотор эмэгтэй эмч, сувилагч нар зонхилох хэсгийг эзэлдэг. Мөн хүний сурч боловсрох эрхийг хангах талаар эмэгтэйчүүд үнэхээр их хүч, чармайлт гаргадаг аа. Манай багш нарын 70.2 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна.
Нийгэм, улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Төрийн өндөр албыг бид бүхэнтэй зэрэгцэн хашдаг эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг төр засгийн удирдлагууд хүлээн авч уулзаж байна. Манай эмэгтэйчүүд гэрийн ч чимэг, шударга эмэгтэйчүүд төрийн ч чимэг. УИХ ийм боломж олгох талаар анхаарал тавьсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан юм. Энэ бол манай эмэгтэйчүүдэд улс төрийн үйл ажилд оролцох эрхийн баталгааг хангахад чухал ач холбогдолтой юм гээд тэднээр уламжлан Монголын нийт эхчүүд, эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш