БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинь Шинь" компанийн уурхай хариуцсан ерөнхий захирал Ванг Генг Чин, Тамгын газрын дарга Жиан Ци Фү гэх зэрэг найман хятад иргэнийг Улсын мөрдөн байцаах газар сэжигтнээр татаад байгаа юм байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэр "Улаан"-ы гэх ордыг ашиглаж буй "Шинь Шинь" компанийн дээрх удирдлагууд Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрсөн бөгөөд стратегийн ордод багтсан уг ордод үйл ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийн 204 дугаар зүйлд заасан "Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөн", 214 дүгээр зүйлд заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан" зэрэг заалтыг зөрчөөд байгаа юм байна. Сүүлийн 1-2 жилд Монголд уул уурхайн ордын лиценз эзэмшигч Хятад пүүсийн тоо улам олширсон бөгөөд Монгол Улсын хууль дүрмийг удаа дараа зөрчих, үл ойшоох зөрчил улам бүр газар аваад байгаа юм.
Н.Нандинцэцэг
Н.Нандинцэцэг