logo
Монголын хуулийг гартаа атгасан мафийн толгойлогч нар хүн алахаас ч буцахаа байжээ

Монголын хуулийг гартаа атгасан мафийн толгойлогч нар хүн алахаас ч буцахаа байжээ

2011/06/07
- Сайд асан С.Отгонбаяр Улсын Ерөнхий прокурор асан Алтанхуягийн эсрэг гомдол гаргана -
Монголын хууль, гууль болж, монголын хуульчид нэр нүүрээ барж, бусдын захиалгаар хүн хэлмэгдүүлдэг тухай мэдээлэл байнга цацагддаг. Үнэндээ хэрэг тулган хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, нотлох баримтгүйгээр ялладаг гэсэн гомдол үргэлж гар хэн ч үүнийг ухаж, төнхөж, үнэн мөнийг нь олох гэж зүтгэж байсангүй. Урьд нь шүүх цагдаа, прокурор гэдэг том байгууллага нийлж, хилсээр хэрэг тулган хүлээлгэдэг гэдэг муу нэр зүүдэг байлаа. Тэгвэл өнөөдөр энэ гурван байгууллага дээр Авлигатай тэмцэх газар нэмэгдэж, эрх мэдэлтнүүдийн гар хөл болон ажилладаг болж.

Шалгуулах гээд шалгагдсан нь

Эвслийн засгийн газрын үед Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр 2006 онд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын нөөцийн хөрөнгөөр гараа угааж, дур зоргоороо аашилж сурсан фракцыг дэлбэлж, тэдгээр хүмүүст хариуцлага тооцуулах талаар илтгэх хуудсыг  тэр үеийн төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын дарга Ц.Нямдорж нарт бичжээ. Үнэндээ шөнө дөлөөр хүртэл агуулах руугаа дайрч, бараа материал зөөж, хий хоосон зүйлд мөнгө төгрөг зарцуулж, дундаас нь ашиг хонжоо олдог байсан нөхдүүдийг тэр зүгээр хараад сууж чадаагүй хэрэг.  Түүний илтгэлийг хүлээж авсан Төрийн гурван өндөрлөг  “Улсын нөөцийн хөрөнгөөр гараа угаагчдын асуудлыг Авилгатай тэмцэх газар, болон хууль хяналтын байгууллагад  өгч шалгуул” гэсэн үүргийг тухайн үед  С.Отгонбаярт өгч байсан аж. Гэвч хууль хяналтын машин гомдол гаргагчийн эсрэг ажиллаж, бусдыг шалгуулахаар өргөдөл гаргасан С.Отгонбаярыг шалгаж эхэлжээ.  2006 оны наймдугаар сард нөөцийн хөрөнгөөр гараа угаасан нэр бүхий этгээдүүдийг АТГ-т шалгуулж эхлэснээс хойш С.Отгонбаяр сайдыг хуулийнхан эргүүлдэх болов. Авлигалтай тэмцэх газрын ажилтнууд эхлээд түүнээс “Тайлбар авна” хэмээн дуудаж,  дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж, бүр яллагдагчаар татжээ.  Эцэст нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Н.Амарбат  ТЕГ-ын нь албан бланк ашиглаж,  хуурамч бичиг баримтыг найзаараа хийлгэж авч байж түүнд хэрэг хүлээлгэж,  төрийн сайдыг шүүхийн сандалд суулган, дөрвөн жилийн ял сонсгож байсан юм.

Цагаатгасан хэргийг Өршөөлийн хуульд хамруулжээ

Энэ хэргийг Улсын Дээд шүүх  2010 оны дөрөвдүгээр сард хянаад С.Отгонбаярыг гэм буруугүй гэдгийг тогтоож, ганц ч удаа хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр хууль зөрчсөн, нотлох баримтгүйгээр бусдыг ялласан байна гэдэг дүгнэлт гарган түүнийг цагаатгажээ. 
С.Отгонбаяр сайдыг Улсын дээд шүүх цагаатгасны дараа Авлигатай тэмцэх газар, Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрынхан хөл толгойгоо олохгүй бужигнаж эхлэх нь тэр. Түүний хэргийг мөрдөж байсан Э.Амарбат гэгч нөхөр жүжиг дэглэж, Монголын Тагнуул түүнээс албан ёсоор уучлалт гуйсан ч хилс хэргээр хүн ялласан хуулийнхан ямар ч хариуцлага хүлээсэнгүй.  Тэр ч бүү  энэ асуудлаас хэл амгүй мултрах гэж дор бүртээ л  нүхээ малтаж эхэлжээ. С.Отгонбаярын хэрэгт хяналт тавьж байсан  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, Оюунчимэг нар бүр ч их сандарчээ. Тэд Улсын дээд шүүх С.Отгонбаярыг цагаатгасны дараахан хэргийг нь өөр дээрээ татаж авчирч, 2009 оны есдүгээр сарын 14-нд  2/72 дугаар тогтоол гаргажээ. Хамгийн сонирхолтой нь  Улсын Дээд шүүхэд хянагдаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь тогтоогдож, цагаадсан хүнийг Өршөөлийн хуульд хамруулан, хавтаст хэрэг дотор нь бичиг хавчуулахаа тэд мартсангүй.  Үнэндээ тэд  хүнийг хилсээр ялласан гэдэг гэм зэмд унахаас айж байгаа царай нь тэр. Хэрэг хийгээгүй  хүнийг хэрэг хүлээлгэж, дараа нь Өршөөлийн хуульд хамруулан дураар аашилсан хяналтын прокуроруудын асуудал өнөөдөр Улсын Ерөнхий  прокурор дээр хянагдаж байна. Гэвч Д.Дорлигжав хууль зөрчсөн ажилтнуудтайгаа хэзээ  ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Эрх мэдлээ ашиглан улс төрийн зорилго агуулан Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр эрх ашгийг хохироосон хяналтын прокуроруудад Улсын Ерөнхий прокурор ямар арга хэмжээ авч, хууль бус явдалтай хэр хүчтэй тэмцэхийг олон нийт хүлээж байна.
ТЕГ-ын дарга  ажилтныхаа өмнөөс уучлалт гуйжээ.

Зурган дээр дарж томруулж харна уу.
http://bj4img.com/d/bb/user_uploads/20110602/195560/943_db83941c.jpg  http://bj4img.com/d/bb/user_uploads/20110602/195560/943-1_d40f078b.jpg
АТГ-ын мөрдөн байцаагч Н.Амарбат ТЕГ-ын албан бланк ашиглан хуурамч материал бүрдүүлж өгсөн М.Гомбожав, А.Баяраа нарын асуудлаар  ТЕГ-ын ёс зүйн хороо хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авсан. Энэ тухайгаа ТЕГ-ын дарга Р.Болд 2009 оны 8 сарын 10-нд “Таны ирүүлсэн гомдлын мөрөөр дотоодын шалгалт явуулахад манай ажилтан М.Гомбожав нь тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм, дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдсон. Эдгээр хүмүүст зохих арга хэмжээг авсан бөгөөд үндэслэлгүй мэдээлэл бүхий тоотыг эрх мэдлээ хэтрүүлэн бусад байгууллагад явуулж, таны нэр хүндийг хохироосон ажилтнуудынхаа өмнөөс уучлалт хүсч байгаагаа илэрхийлье” гэсэн албан тоотыг Онцгой байдлыг асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярт илгээжээ. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж суух үүрэгтэй авилга, тагнуулын ажилтнууд байгууллагынхаа  албан бланкыг  ашиглан, хуурам бичиг баримт үйлдэж, түүнийг нь шүүх үндэслэн Онцгой байдлын сайдад дөрвөн жилийн ял сонсгосон. Хилс хэрэгт хэлмэгдэж, дөрвөн жилийн ял сонсож байсан  С.Отгонбаярт учирсан эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодийн хохирлыг ТЕГ-ын даргын илгээсэн алга дарам цаас нөхөхгүй нь тодорхой. Тэгэхээр хэн энэ хохирлыг барагдуулах вэ гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Ажлаа хийж явсан сайдыг аавын хаалга таттал өшиглөж чадсан Авилгатай тэмцэх байгууллагын ажилтан Э.Амарбат, Тагнуулын Ерөнхий газрын ажилтнуудад ёс зүйн хариуцлага хэтэрхий зөөлдсөн юм биш үү?
Амьдралын эрхээр айлын хашаанаас түлээний мод хулгайлсан залуу, алаг үрийнхээ аманд хийх  хэдхэн талхны  мөнгө хулгайлсан хорь гаруйхан насны бүсгүй 10 жилийн ял сонсоод уйлж суугааг та мэдэх үү Ерөнхийлөгч өө!

Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалсан С.Отгонбаярын “хэрэг” Ерөнхий прокурор М.Алтанхуягийг сценариар үргэлжилжээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд  С.Отгонбаярыг гэмт хэрэгтэн болгох захиалгыг бүр дээрээс өгч,  эрх мэдэлтнүүдийн аяыг харж суудаг манай хуулийнхан түүнийг нь гүйцэтгэсэн гэж өнөөдөр олон хүн ярьж байна. Тэгэхээр АТГ, ТЕГ, Нийслэлийн прокурор, СБД-ийн шүүх гэсэн хүчний байгууллагын сүлжээ оролцсон энэ хэргийн захиалагч хэн бэ? Хэрэг хэзээ ямар шалтгаанаас хөвөрсөн бэ? гэдэг асуулт олон хүний анхаарлыг татах нь зүйн хэрэг. Ерөнхий прокурор М.Алтанхуяг, сайд асан С.Отгонбаяр хоёрын хооронд ямар нэг өш хонзон байхгүй. Тэр ч бүү хэл М.Алтанхуягийг анх Ерөнхий прокуророор томилогдох гэж байхад хамгийн их дэмжиж, анкетийг нь бариад гүйж явсан хүний нэг нь С.Отгонбаяр юм гэнэлээ. Гэвч “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчийн үлгэрээр  Ерөнхий прокурорын суудалд заларч байсан М.Алтанхуяг эрх мэдэлтнүүдийн нэрийн өмнөөс С.Отгонбаярыг золиосонд унагах гэж улаарч эхэлжээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг ид өрнөж байх үед УИХ-ын гишүүн Т.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нарыг казиногийн хэрэгт буруутган, бүрэн  эрхийг нь түдгэлзүүлэх  саналыг Ерөнхий прокурор М.Алтанхуяг УИХ-д гурван ч удаа оруулж ирж байлаа. “Хадгаламж” банкны хэрэг олны анхаарлыг татаж, нэр бүхий гишүүд казино тоглосон хэргээр ял сонсож магадгүй болоод байсан тэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр тэднийг УИХ-ын чуулганы танхимд хамгаалж байсан цөөхөн хүний нэг нь. Хамгийн гол нь С.Отгонбаяр “Алтанхуяг прокуророо... Эдгээр гишүүдийн буруутайг нотлосон баримт нь хангалттай бий юу? хэмээн асууж, “Хэрвээ байхгүй юм бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага байхгүй. Та нар улс төрчдийн захиалгаар хүн хэлмэгдүүлэх гээд байгаа юм биш биз” хэмээн шалгааж эхэлжээ. Тухай үед Ерөнхий прокурор “Гурван гишүүний буруутайг нотлосон баримт байхгүй. УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлж байж бид гэр оронд нь үзлэг нэгжлэг хийж нотлох баримт олно” гэж хэлээд чуулганы танхимаас арай л хөөгдөлгүй гарч байсан түүхтэй. Гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн энэ хуралдаан дээр С.Отгонбаяр сайд “Нотлох баримтгүй бол энэ асуудлаа буцаагаад тат. Хэн нэгнийг зориудаар хилс хэрэгт гүтгэж, шалгадаг байгууллага танайх биш” хэмээн  Ерөнхий прокурортой ана мана үзэлцэж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр урдаас нь өрвөлзөх болсон У.Хүрэлсүхийг “Хадгаламж” банкны мөнгөөр казино тоглосон, Чимэдцэрэнтэй ойр холбоотой” гэх үндэслэлээр нам дарах гэж улаарч, түүний  төлөвлөгөөг нураасан С.Отгонбаярыг  энэ өдрөөс л “занаж” эхэлжээ. Тийм учраас  хууль хяналтынханд  ад үзэгдэж, бусдыг шалгуулах гэж өгөөд өөрөө шалгагдаж, бүр ял зэм сонсож, цагаадсан ч, хийгээгүй хэргийнхээ төлөө өршөөгдөж, өөд нар харахаа байсан аж.
С.Отгонбаярын хэргийг экс Н.Энхбаяр захиалж, Ерөнхий прокурор М.Алтанхуяг сценарийг нь найруулж, гардан удирдсанаар цааш хөвөрсөн.
М.Алтанхуягаас “С.Отгонбаярын талаар мэдээлэл цуглуул”, “но”-г нь ол, гэдэг үүрэг авсан АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат С.Отгонбаярын гэх тодотголтой бүхий л зүйлийг ухаж,  аргаа барахдаа ТЕГ-т ажилладаг найзаараа хуурамч баримт бүрдүүлсэн нь илрээд байна.
Улсын Ерөнхий прокурор хайрт Ерөнхийлөгчийнхөө үүргийг биелүүлэхийн тулд өөрийнхөө туслах байсан бүсгүйд энэ хэргийг давхар даалгаж амжсан байх юм. С.Отгонбаярын хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа нь түүний итгэлтэй хүмүүсийн нэг, бас туслахаар нь ажиллаж байсан хүн. Харин  Оюунчимэг нь “Буян”-гийн Жаргалсайханы бэр эгч. Тийм ч ураас тэд С.Отгонбаярын хэрэгт хяналт тавьж, бас УДШ цагаатгачихаад байхад Өршөөлийн хуулинд хулгайгаар хамруулжээ.
У.Хүрэлсүхийг намнах ажлыг нь таслан зогсоосон С.Отгонбаярт эгдүүцсэн экс Ерөнхийлөгч баруун гараа зангах төдийд л сайдыг шоронд илгээж, эрх мэдлээ ашиглан хүнийг хилс хэрэгт хутгаж, хэн ч биш болгож чаддагаа харуулсан М.Алтанхуяг хожим С.Отгонбаяртай уулзаж, хөгшин настай ээжийнхээ нэрээр андгай тангараг тавьж, өршөөл уучлал гуйсан гэж яригддаг юм билээ.
  Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар, М.Алтанхуягийн бичсэн сценарийн дагуу С.Отгонбаяр гэдэг хүн  албан тушаалаа ашигласан хэрэгт унаж, ял сонсч, цагаадаж бас өршөөгдөв.  Хэрэв үнэн гэж байдаг бол, Монгол Улсад хууль хуулиараа үйлчилдэг бол УДШ-ийн тогтоолыг дур мэдэн засварласан, удирдах албан тушаалаа ашиглан тэдгээрт үүрэг өгсөн эрхтэн дархтанууд бүгд хариуцлага хүлээх ёстой. Албан тушаалаа ашиглаж гэм зэмгүй хүнийг хохироосон хяналтын прокурорууд, хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг ялласан  АТГ, ТЕГ-ын ажилтнууд үйлдсэн  хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Тийм ч учраас  Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр өнгөрсөн хугацаанд өөрт учирсан эд материал болон сэтгэл санааны хохиролоо нөхөн төлүүлэх, нэр төрөө сэргээлгэхээр  хуулийн байгууллагад дахин хандах гэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш