logo
Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлбөл нөлөөллийн мэдүүлэг авдаг болно

Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлбөл нөлөөллийн мэдүүлэг авдаг болно

2012/03/17
УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, 2011 оны намрын ээлжит чуулган  болон ээлжит бус чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа товч мэдээллээ.
Байнгын хорооны дарга Б.Одбаяр ярихдаа:  
-Намрын ээлжит чуулган 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр эхэлж, ажлын 98 өдөр хуралдах хугацаанд  Хууль зүйн байнгын хороо дундаж үзүүлэлтээр гишүүдийн 73,5 хувийн ирцтэйгээр  20 удаа хуралдлаа. Тус Байнгын хороо олон асуудлыг хэлэлцсэний дотор Жолоочийн даатгалын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиудыг хэлэлцэн баталсан. Мөн Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох зэрэг асуудлыг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн хуралдаанд орууллаа. 
Ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэхээр Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцсэний дээр нэмэлтээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсныг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Байнгын хорооны даргын мэдээллийн дараа сэтгүүлчид УИХ-аас батлан гаргасан хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналтт тавих үүргээ УИХ хэр биелүүлж байгаа, 2008 оны 7-р сарын нэгний үйл явдалтай холбоогоор хууль зөрчсөн үйл ажиллагаанд цагдаа, хүчний байгууллагынхан оролцож, цагдаагийн байгууллагын удирдлагыг буруушааж буйд Хуульзүйн байнгын хороо ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа, УИХ-ын гишүүдийн нэр төр, ёсзүйтэй холбоотой асуудлыг Байнгын хорооны салбар хороо авч үзэж байгаа эсэх, шүүхийн үйл ажиллагааг дорвитой өөрчлөхийн тулд шинэчлэлийн чанартай ямар ямар заалт оруулсан талаар лавлан асуусан юм.
Байнгын хорооны дарга эдгээр асуултанд хариулахдаа хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг яах аргагүй УИХ-д байдгийг тэмдэглээд “УИХ дахь 7 байнгын хороо үндсэндээ хоёр чиглэлээр хяналт тавьдаг. Нэгдүгээрт, аждын хэсэг байгуулж, Засгийн газар, хуулийн байгууллагуудтай хамтран хуулийн хэрэгжилттэй танилцдаг. Хоёрдугаарт, хууль  хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс байнга ирдэг гомдол, санал хүсэлтийг хангах чиглэлээр ажилладаг” гээд “Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 500-гаад хууль,  1000 хол давсан эрхзүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь төрийн төдийгүй нийт нийгмийн үүрэг зорилго юм” хэмээн хэллээ.
Харин долдугаар сарын нэгний үйл явдалтай холбоотой асуултын хувьд “Хуульзүйн байнгын хороо шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж Үндсэн хууль зөрчих эрх байхгүй. Харин шүүгдэгчид, хохирогчдын зүгээс уулзах хүсэлт тавихад хүлээн авч ярилцан санал солилцож ирсэн. Ер нь эрүүгийн хууль, эрүүгийн эрхзүйн үндсэн зарчим бол гэм буруутай этгээдийн гэм бурууг 100 хувь нотолж байж шийдвэрээ гаргахад оршдог. Тиймээс шүүхийн үйл ажиллагаа хөдөлшгүй баримтад түшиглэж байгаа хэмээн үзэж хөндлөнгөөс оролцохгүй байгаа” гэсэн юм.
УИХ-ын  гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлын хувьд “Энэ намрын чуулганаар тийм асуудал орж ирээгүй” гэлээ.
Шүүхийн шинэчлэлтэй холбоотой шинэлэг заалтуудын тухайд Д.Одбаяр дарга тайлбарлахдаа “УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан нь шүүхийн тухай багц хуулин  дахь 6 хуулийн 3 нь байсан, ирэх хаврын чуулганаар үлдсэн 3-ыг нь хэлэлцсэнээр цогц хууль болон батлагдан гарах учиртай”-г тэмдэглэсэн юм.
Засаглалын эрх мэдлийн хуваарилтаар 3 засаглалын нэг нь болох шүүх засаглал өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн 2 засаглалтай нь харьцуулахад үүрэг роль нь бүдгэрчихээд байгааг засаж уг засаглалыг зохих түвшинд нь гаргах, шүүхийн салбарын ажилтнуудын ачааллыг жигдрүүлэх, шүүгчид эрүүгийн болон иргэний танхим хооронд шилжин ажилладгийг зогсоон тогтворжуулахын тулд орон тооны асуудлыг шийдвэрлэх, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг чухалчлах үүднээс шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэж, нөлөөллийн мэдүүлэг гэгчийг бий болгон олон нийтэд зарлаж байх зэрэг олон шинэлэг заалт орсныг Байнгын хорооны дарга онцлон дурдлаа. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш