logo
Хар тамхи хаалга тогшисоор...

Хар тамхи хаалга тогшисоор...

2012/03/17
Шинжлэх ухааны хэлээрээ  мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм бодис гэдэг. Харин түүнийг хар тамхи гэсэн нэрээр ярьж хэвшчихжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 210 сая хүн  хар тамхи буюу  мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм бодисыг хэрэглэж байна. Монгол Улсын 54 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон  хилийн чанадад  ял эдлэж байгаа. Олон улсад хар тамхины гэмт хэрэг үйлддэг “Алтан гурвалжин”,”Хавирган сар” гэсэн  зартай хоёр томоохон бүлэглэлд тэдний ихэнхи нь татагдан оролцсон байх магадлалтай байна.  Хар тамхи өдөр бүр бидний үхлийн хаалгыг тогшисоор байна.Үүнийг зогсоож урьдчилан сэргийлэхийн тулд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Хар тамхи мансууруулах бодисын аюул-урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалт боллоо.  Уулзалтанд ҮАБЗ, ХЗДХЯ, ЭМЯ, ГХЯ, БСШУЯ, БОАЖЯ, ГЕГ, ТЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг төрийн холбогдох байгууллагууд мөн энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд их дээд сургуулиудын багш, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.
Д.Ганцэцэг: “  Хар тамхинд  донтох нь  хэзээ ч  эдгэшгүй  үхлийн өвчин”
Нээлттэй уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын төслийн зохицуулагч Д.Ганцэцэг “Хүүхэд залуучуудын дундах хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ түүнээс учрах аюулын талаар хийсэн танилцуулагадаа: “  Хар тамхинд өртсөн тохиолдолд эмчилгээний үр дүн ердөө  тавхан хувь байдаг. Энэ бол хэзээ ч  эдгэшгүй өвчин.  Тиймээс хар тамхинаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг алдалгүй эрчимжүүлэх шаардлагатай болсон”  гэж зохицуулагч  дурьдлаа.
Хурандаа С.Ганбат:  “Хар тамхины гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл Монголд байсныг олж ирлүүллээ”
 Эрүүгийн цагдаагийн газрын дарга,цагдаагийн хурандаа С.Ганбат дээрх хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгадаа: “  Энэ он гарсаар 22 холбогдогчтой  дөрвөн  гэмт хэрэг илэрч  бүртгэгдсэн. Нэг  гэмт хэргийн ард илрээгүй 10 гэмт  хэрэг байдаг гэсэн тооцоо байна.  2011онд хар тамхины гэмт хэргийн зохион байгуулалттай гурван  том бүлэглэл Монголд үйл ажиллагаа явуулж  байсныг олж илрүүллээ.  Учир иймд  одоо урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэлээ.  Тэдгээр хар тамхи хэрэглэгчийн ихэнх нь twitter,facebook-ээр дамжуулж, залуучуудыг  хууран мэхлэх , мөнгө амлах зэргээр уруу татдаг байна.
 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
 Хар тамхины  урилга бол үхлийн урилга. Чөтгөрийн  дуудлага гэж ойлгох  ёстой
Ийм аймшигтай  аюул Монголд орж ирсэнийг ард иргэддээ хэлж  сануулах учиртай. Хэлж сануулахгүй байна гэдэг бүр түүнээсээ  хэд дахин аюултай.  Төрийн тэргүүнээ ард түмэн нь энэ улсын эцэг гэдэг. Тийм учраас би энд хатуу сануулж, сэрэмжлүүлж байна.   Хар тамхи олж ирдэг, зөөвөрлөдөг, хадгалдаг, борлуулдаг хэн ч байсан түүнд төрийн  өршөөл үзүүлэхгүй ээ.  Хөрөнгөтэй мөнгөтэй,ядуу гуйлгачин,дуучин,  жүжигчин,хөгшин , залуу хэн ч байсан өршөөл байхгүй.  Тийм ч учраас эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хар тамхины хэрэгт орооцолдсон этгээдийг хүний амь егүүтгэсэнтэй адил үзэж ял эдлүүлнэ. Авсан ял өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно.Насаар нь тэр шоронд нь суулгана.  Бид болж өгвөл  энэ хаврын чуулганаар хуулиа батлуулаад хар тамхны аюулын  эсрэг тэмцэх  бие даасан  маш хатуу тусгай хуультай болчихмоор байна. Үндэсний хороог байгуулаад авчихмаар байна.  Хар тамхины аюултай тэмцэж  ажиллах тусгай албатай болгох зарлиг гаргана. Тусгай нарийн  мэргэжилтэн бэлтгэнэ. Төр хатуу бодлого баримтлана. Төрийн жинхэнэ төмөр нүүрийг  энд л харуулна. Хар тамхи хэрэглэгчидэд  дэлхийд гишгих газаргүй. Тэдэнд  хоёрхон замтай. Нэг нь шорон. Хоёр дахь  нь шууд үхэл.  Үүнийг би хатуу  сануулж байна. Хар тамхины төрөл зүйл тоолж баршгүй олон гэж байгаа.   50-60  зүйлийн биетээр  нэвтэрч байна.  Хатуу зөөлөн эм шиг,  мөн ус шиг, мөс шиг бас   хийгээр түгж байна.  Хар тамхи хэргэлдэг хүмүүс төрөл бүрийн мансууруулах бодисыг сорох, үнэрлэх,  судсаараа тарих, бүр хүний  таван  мэдрэхүйгээр нь орж түгдэг байна.  Хар тамхи татсанаар орчноосоо тасарч толгой эргэх , хий юм харах,  сэтгэл санаа үймрэх, биеэ барьж чадахгүй болох, чацага алдах гэх мэт тоочоод барамгүй  хорыг эрүүл саруул  биеэр  чинь түгээж,  аймшигт  хор уршиг  өгдөг байна. Хүмүүс хар тамхи татсанаар өвчин зовлонгоо мартаж сэтгэл санааны кайп авдаг. Инээдэг  гэж ярьцгааж байгаа гэсэн. Монголчууд инээдэм нь ханиад гэдэг. Ингэж ханиад болж, үхлийн  хаалганд очиж байна шүү гэдгээ та  ойлгох ёстой.  Харин түрхэн зуурын жаргал нь үүрдийн зовлон болдог. Янз бүрийн урилга ирдэг гэсэн. Найз нөхдөөс нь. Энэ бол үхлийн урилга. Чөтгөрийн  дуудлага гэж ойлгох  ёстой.  Мансуурлын эсрэг төвд ханддаг хүмүүсийн 80 орчим хувь нь охидууд байдаг байна. Хар тамхи хэргэлдэг хүмүүсийг эмчилэхэд маш их  зардал гардаг нь ойлгомжтой. Нэг хар тамхичин  30-40 сая төгрөг хэргэлдэг. Нэг хүний  наад захын  эмчилгээнд  найман сая төгрөг  зарцуулаад эмчлэгдэхгүй. Ингэхээр тэр хүний  очих зам нь тодорхой. Монголд хар тамхи хэрэглэгчдийн тоо 2010 онд өмнөх оныхоос  гурав дахин өссөн. 2011онд мөн л гурав  дахин өссөн байна. Нэг  хар тамхичны  ард дөрвөн хүн бий гэсэн судлагаа байдаг.  Монголд 16 000 хүн хар тамхи хэрэглэж байна гэсэн судлагаа байгаа.  Тэгвэл нийтдээ  64 000 хүн хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь нэг бүхэл бүтэн  аймгийн хүн амтай тэнцэж байна. Энэ тоог сонсоод  цочирдохгүй байхын арга алга.  Хар тамхи нь хөвдөнд гарсан түймэр мэт асаж байна. 20-р зуунд Монголд гарч ирсэн нэг эмгэнэлт явдал  бол хатуу  спиртийг  архи болгодог  хэрэглээ өсөж,  баяр ёслолыг архиар ёс мэт  тэмдэглэдэг болсон. Архийг дагасан   эдийн засгийн бизнес хөгжиж байсан.  21-р зууны эхэнд туйлын эмгэнэлт хар тамхинд донтох өвчин хаалга тогшин чимээгүйхэн  орж ирлээ.  Архичинг бид үзэн яддаг боллоо. Бас жигшдэг боллоо. Хар тамхичинг  харин манайд өрөвдөх сэтгэлгээ яваад байна. Архичингаас илүү түүнийг үзэн ядаж, жигших ч ёстой.  Архинд донтохоос 60 дахин илүү  хор хөнөөлтэй.  Энэ солиорол урт удаан хугацааны цаазын ял чирч авчирлаа. БНХАУ-д 17 хүн долоогоос дээш жилийн ял эдлэж байгаа. Хар тамхины гэмт хэрэгт холбогдож ял эдлэж байсан эгч дүү хоёр саяхан Монголд ирсэн. Тэднийг одоо Монгол Улсын хуулиар ярина.  Хатуу ял оногдоно.  Гэтэл дахиад 15 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдон  баригдаад одоо БНХАУ-д  хоригдож байна. Нэг нөхөр хар тамхины хэрэгт баригдаад цонхоор үсэрч нас барсан байна. Хар тамхи гэдэг ингэж үхэл дагуулдаг. Үхлийн дуудлага чирч ирдэг аюулын харанга юмаа.  Энэ хүмүүс  Тайланд улсаас хар тамхи зөөвөрлөж баригдаад байна. Тайланд улсруу манайхан  ямарч визгүй зорчиж байгаагаас энэ гэмт хэрэг гарч байна гэж үзэж, визтэй болгох талаар Гадаад хэргийн сайдад үүрэг өгсөн. Тэр хар тамхины хэргээр баригдсан хүмүүс бүгдээрээ зөвхөн Тайландаас БНХАУ-ын хил рүү нэвтэрч байсан хүмүүс. Тэнд олон хүн ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа нь тодорхой байна. Тэдэнд та нарыг төр мэдчихсэн байна.  Хэзээ нэгэн цагт  баригдах нь тодорхой гэдгийг сэрэмжлүүлж байна.  Гэр бүл,үр хүүхдээ,төрөл төрөгсөдөөрөө  ийм гэмт хэргийн бизнес хийлгэдэг. Хүний зовлонгоор жаргал хийж байгаа бол төр төмөр нүүрээ тийм этгээдүүдэд хэзээ нэгэн цагт  ямарч өршөөлгүй  харуулах л болно.  Хүүхдийнхээ найз нөхдийг нь аав ээжүүд судла. Харж хяна. Ажлаа бодоод л яваад байдаг. Гэтэл таны гэр бүл аймшгийн кинонд гардаг шиг болчихсон байхыг үгүйсгэх аргагүйгээр хар тамхи та бидний хаалгыг тогшиж, энэ улс эх оронд маань орж ирчихээд байна.   Эцэст нь гуравхан зүйлийг сэрэмжлүүлье. Нэгд: Иргэн бүр сэрэмжтэй бай.  Хоёрт: Үр хойчоо хар тамхинаас хол байхыг эцэг эхчүүд үе үеийн захиас болгохыг хүсэж байна. Гуравт: Хар тамхины  гэмт хэрэгт орооцолдсон бол төрийн өршөөл байхгүй,хууль улам чангарна гэдгийг анхааруулах гэсэн юм.
Б.Дашням
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш