Судалгааг 2011 оны хоёрдугаар сараас 2012 оны нэгдүгээр сарыг дуустал хугацаанд тус улсын Үндсэн хуулинд заасан хоригдлыг хорих нөхцөлд байнга хяналт тавих үндсэн дээр, тэрчлэн одоо ч эрүүдэн шүүдэг газар байгаа хүмүүс болон урьд нь хоригдож байсан 100 хоригдлоос санал асуух замаар явуулжээ.
Комиссын мэдээлснээр, ҮАБЕГ-ын мөрдөн байцаах есөн газар болон ДХЯ-ны тийм нэлээд хэдэн газар хоригдлуудаас «хэрэгтэй» мэдүүлэг авахын тулд байнга эрүүдэн шүүдэг байна. Тухайлбал, байцаагдаж байгаа хүмүүс бэлгийн хүчирхийлэлд өртөж, цахилгаанд цохиулж, зодуулж, торонд хоригдож байгааг хүний эрхийг хамгаалагчид тэмдэглэжээ.
Эрүү шүүлт явуулдаг газруудын удирдлагыг албан тушаалаас нь нэн даруй огцруулахыг хүний эрхийн төлөө тэмцэгчид Афганистаны Засгийн газарт хандан уриалсан байна. Үүний сацуу хоригдож байгаа хүмүүстэй уулзах боломж олгохыг эрх баригчдаас шаарджээ.
Хоригдлуудыг эрүү шүүлтээс хамгаалахын тулд тэднийг Афганистаны эрх баригчдад шилжүүлэн өгдөгөө болихыг тус улс дахь НАТО-гийн цэргийн командлалд хүний эрхийг хамгаалагчид уриалжээ. Зэвсэглэсэн сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж эхлэх нэг болзол болгон Афганистаны эрх баригчид хоригдлуудыг шилжүүлэн авах санаачилгыг урьд нь гаргасан аж.
Комисс хоригдлуудын эрхийг хамгаалахын тулд Афганистаны Засгийн газарт нэлээд хэдэн зөвлөмж өгсөн байна. Тухайлбал, баривчлагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг ар гэрт нь 24 цагийн дотор өгөх, хоригдлуудыг төрөл төрөгсөдтэйгөө байнга уулзах нөхцөлөөр хангахыг зөвлөжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ