Үүний өмнө умардын цэргийнхэн баллистик пуужингийн иж бүрдэл хэсгүүдийг хиймэл дагуул хөөргөхөөр бэлдэж байгаа гарааны талбайд хүргэсэн тухай Японы «Киодо» агентлаг дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан дамжуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм.
Мэдээллийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад хийсэн дүн шинжилгээн дээр үндэслэжээ. Өнгөрсөн өдрүүдэд Умард Солонгосын сансрын буудлын гарааны талбай дахь хөдөлгөөн эрс идэвхжиж эхэлсэн байна. Тухайлбал, тэнд томоохон объект авчирсан нь зөөгч пуужин байж магадгүй байна.
БНАСАУ дөрөвдгээр сарын дундуур өөрсдийн технологиор бүтээсэн хиймэл дагуул болон пуужин хөөргөх байгаа тухайгаа энэ сарын 26-нд мэдээлсэн билээ. Энэ удаа хөөргөх гэж байгаа «Кванмёнсон-3» пуужинг тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж байгаа юм.
Харин хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөхөөсөө татгалзахыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Баг өнгөрсөн ням гарагт Умрд Солонгосын эрх баригчдад уриалсан тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ. Пхеньяны энэ ажиллагаа нь «өдөөн хатгалга бөгөөд хатуу хариу арга хэмжээтэй тулгарна» гэж Өмнөд Солонгосын удирдагч үзэж байна. И Мён Баг энэ мэдэгдлийг Сөүл хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа дараа хийжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ