logo
 Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна

Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна

2012/03/31
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
    Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа амжилттай хөгжиж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хэллээ. Харилцан айлчлал цаашид ч тогтмол байдлаар үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшинг ахиулах нь зүйтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яаманд үзэсгэлэн гаргасан бөгөөд ойд хоёр тал өндөр ач холбогдол өгч, олон арга хэмжээ зохиож байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс Ардчилллын нийгэмлэгийг даргалж байгаа энэ үед нийгэмлэгээс зохион байгуулах аливаа арга хэмжээг АНУ дэмжиж, идэвхтэй оролцож байхыг хүсээд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр АНУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Мөн Мянганы сорилтын сангийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд дээрх төслийн хүрээнд Компакт хоёрдугаар гэрээнд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хооронд Ил тод байдлын гэрээ байгуулах чиглэлээр хэлэлцээг эхлүүлэх нь зүйтэй гэлээ.
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Эдлтон хэлсэн үгэндээ 150 жилийн өмнө Монгол Улсад анхны америк хүн хөл тавьж байсныг дурдлаа.
АНУ Монгол Улсын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн. Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа энэ үед олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлыг Монголд зохион байгуулахыг дэмжинэ гэв.
Түүнчлэн Монгол Улсыг НАТО-гийн түнш орон болсонд баяр хүргээд харилцаа, хамтын ажиллагааны талаар Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш