logo
Туркийн засгийн газрын тэргүүн 27 жилийн дараа Хятадад айлчиллаа

Туркийн засгийн газрын тэргүүн 27 жилийн дараа Хятадад айлчиллаа

2012/04/12
Туркийн засгийн гарын тэргүүн 27 жилийн дараа анх удаа БНХАУ-д айлчиллаа Ерөнхий сайд Ресеп Эрдоганы айлчлал Туркийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийг Хятадын глобал эдийн засагтай уялдуулах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл баруун Азийг Зүүн Азитай холбох гүүр болж байна гэж эдийн засагчид үзэж байна. Дундад улсын хувьд Европ, АНУ-аас гадна баруун Азид экспортын зах зээлээ нэмэгдүүлэх боломж олдож байна. 2 улсын хувьд худалдааны эргэлт 2000 онд 1 тэрбум доллар, 2010 онд 19 тэрбум, 2015 онд 50 тэрбумд хүрнэ. 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 100 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн байна. Гэсэн ч гэсэн одоогоор Хятадтай хийж байгаа худалдаа Туркийн ДНБ-тэй харьцуулахад дөнгөж 10 хувь байгаа юм. Хятадын хувьд гадаад валютын нөөц нь 3 триллион доллар буюу дэлхийд тэргүүлж байгаа. Харин Туркийн хувьд хэдийгээр эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа ч гадаад валютын нөөцийн хурамтлал бага байгаа. Тэгэхээр туркчууд Хятадын нөөцөөс ашиглаж, дотоод дэд бүтэц, санхүүгийн байгууллагуудаа санхүүжүүлэхэд хэрэглэж болох юм гэж эдийн засагчид үзэж байна.   Гэхдээ Туркийн Ерөнхий сайд Ресеп Эрдоганы айлчлалын гол агуулга нь Ираны цөмийн хөтөлбөр болон Сирийн хямралын асуудал байсан юм. Учир нь Ираны эсрэг барууны улсуудын тавьсан хоригийг Хятад болон ОХУ дэмжээгүй. Сирийн хямралыг зохицуулах НҮБ-ын аюулгүй зөвлөлийн шийдвэрийг мөн л Хятад, ОХУ эсэргүүцсэн. Тиймээс Башар Ассадыг засгийн эрхнээс бууж, эрх мэдлээ ард иргэддээ тайван замаар шилжүүлэхийг уриалж байгаа Туркийн хувьд Хятад улсаас дэмжлэг авах зорилготой байсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Ямартай ч Баруун Азийн нөлөө нь тэлж байгаа Турк улс бусад улсын дэмжлэг, дарамт шахалтгүйгээр бие дааж гадаад бодлого явуулж чаддаг гэдгийг харуулсан хэрэг боллоо гэж шинжээчид үзэж байна.          
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш