logo
“Монголросцветмет”-ын уурхайд удаа дараа хүний амь үрэгдсэнийг нууцалж байна

“Монголросцветмет”-ын уурхайд удаа дараа хүний амь үрэгдсэнийг нууцалж байна

2011/06/13
Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөрийн уурхайд нэг жилд 4-5, сард дунджаар 2 хүний амь эрсэддэг гэнэ. Харин энэ золгүй байдлын талаар Монголросцветмет нэгдэл чандлан нууцалсаар иржээ. Хамгийн сүүлд өнгөрсөн 3-р сард хоёр хүний амь эрсэдсэн байна. 3-р сарын 5-нд 21 настай Х гэгч залуу 50 тонн шороонд даргадаж нас барсан. Тэрээр уг уурхайд зургаан жил ажилласан туршлагатай өрөмдөгч байжээ. Мөн дараахан нь дахин нэг хүн нас барсан байна. Гэвч энэ мэдээллийг уурхайн захиргаа нууцалсан аж. Мэдээлэл үнэн эсэхийг Уул уурхайн аврах албаны мэргэжилтнээс тодруулахад “одоогоор тийм мэдээлэл аваагүй” гэсэн юм. Өнгөрсөн оны 6-р сарын 31-нд цементэнд даруулж нэг хүн нас барсан бол 8-р сард бас нэг хүн амиа алджээ. Энэ бүх осол уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой гэнэ. Харин Монголросцветмет нэгдлийн зүгээс амиа алдагсдын ар гэрийнхэнд 36 сартай тэнцэх цалин тэтгэмж, нэг өрөө байр өгөөд тухайн үед нь гашуудсан болоод өнгөрдөг аж. Тэгсэн атлаа тэтгэмжинд зориулж гаргасан мөнгөө үйлдвэрийн ажилчдын цалингаас суутгадаг тогтолцоо бий болгосон талаар эх сурвалж нотолж байна. Түүнчлэн осол ихэвчлэн амралтын өдрүүдэд гардаг байна. Энэ нь уурхайн аюулгүй ажиллагаа хариуцлага сул, тэр дундаа амралтын өдрүүдэд илэрхий сул байгааг гэрчилж байна. Нөгөө талаар уурхайд осол олноороо гараад байхад удирдлагуудад хариуцлага тооцдоггүй, суудалдаа шигдсээр байгаа гэнэ.  
Ц.Баяр www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш