logo
МАН-ынхан сандарч, Ц.Нямдоржийг зэмлэж байна

МАН-ынхан сандарч, Ц.Нямдоржийг зэмлэж байна

2012/04/13

Н.Энхбаярыг баривчилсан явдал нь МАН-д олон сөрөг үр дагавар дагуулж буй тул удирдлагууд нь нэлээд бухимдаж байгаа бололтой.
МАХН хийгээд Н.Энхбаяр бол МАН-ын түүхийн салшгүй нэг хэсэг. Тэр утгаараа Н.Энхбаяр зүгээр нэг баривчлагдаад, байцаагдаад өнгөрөхгүй байх. Хэрэв байдал эвгүйдвэл тэрбээр олон хүнийг араасаа чирч чадна. Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд адгаас нь аваад эхэнд хүртэл явсан энэ хүнээс хамааралтай, ямар нэгэн сэжүүрээр холбоотой дарга, цэрэг бүх шатанд бий. Тиймээс Н.Энхбаяр баривчлагдсан нь нэг талаас олон хүнд “шударга ёс тогтож байна” гэсэн сэтгэгдэл төрүүлэн баярлуулж, нөгөө талаас олон хүнд айдас дагуулж байна.

Нөхцөл байдал ийн буруугаар эргэхийн зэрэгцээ хууль хүчний байгууллага урьд шөнийн баривчилгааг хэт хүч түрсэн байдалтай явуулсан нь олон нийтийн дунд эрх баригчдын нэр хүндийг унагах хүчин зүйл болж байгаа тул МАН-ын удирдлагын зүгээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид шүүмжлэлтэй хандсан байна. Улмаар “Жоомоо алах гээд гэрээ шатаав гэгч болж байгаа юм биш биз” гэсэн байдлаар Ц.Нямдоржид зэмлэл хүртээсэн гэсэн чимээ Саарал ордноос сонсогдож байна.

 

МАН-аас гарах гишүүд тодорхой боллоо

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөө өглөө 06.00 цагийн үед баривчлагдаж явахаасаа өмнө ТВ9 телевизэд өгсөн ярилцлагаараа олон шинэ мэдээллийг ил болголоо.
Өнгөрсөн хугацаанд МАН-ын нэр бүхий гишүүд МАХН-д элсэх тухай байнга ярьж байсан ч тэд өөрсдөө уг мэдээллийг албан ёсоор няцаагаагүй. Мөн хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс үүдэн “МАН-ын нөлөө бүхий гишүүд Н.Энхбаярыг дагаж МАХН руу явах нь”, “МАХН-ын зүгээс МАН-ын нэр хүндийг унагахын тулд санаатайгаар ийм худал мэдээлэл гаргаж байна” гэсэн эрс тэс хоёр ойлголт олны дунд бий болоод байсан билээ. Гэхдээ Н.Энхбаярт ойр байдаг МАН-ын гишүүдийн нэрс анхнаасаа тодорхой байв.

Харин өчигдрөөс эхлэн тэд МАХН-д элсэх, улмаар тус намын нөлөөг нэмэгдүүлэх нэгдсэн шийдвэрт хүрч “УИХ дахь МАХН-ын бүлэг” гээч бүтцийг байгуулах гэж байжээ. Хэдийгээр УИХ-д суудалтай намууд бүлэг байгуулах эрхтэй ч МАХН-ынхан МАН-аас урвасан гишүүдээрээ дамжуулан ийм бүтэц байгуулах гэж байсан нь ил боллоо.    
Ийнхүү урьд шөнө Н.Энхбаярыг баривчлах үеэр хамгаалж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарын гишүүд МАХН-д орох нь нэгэнт тодорхой боллоо. Түүнчлэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Р.Раш, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир, Х.Бадамсүрэн нар ч намаасаа гарч МАХН-д албан ёсоор элсэх нь ойлгомжтой болж, удаан хугацаанд үргэлжилсэн тааврын хариу гарлаа. Гэхдээ нэр дурдсан гишүүдээс өөр хэн хэн намаасаа гарах нь одоохондоо тодорхойгүй байна.

 

 

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарласан бөгөөд яг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал, түүнтэй хамт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нарын биед халдсан зэрэг нь  бүрэн эрхэд нь халдсан үйл явдал болсон учраас энэ бүхнээ бүлэгтээ танилцуулах аж. Одоогийн байдлаар бүлгийн ээлжит хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоос гадна, УИХ-ын дарга тэргүүтэй тус намын бүлгийн гишүүд оролцож байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын хэлснээр бүлэг байгуулах болсон талаараа бүлгийн хуралдааны дараа жич мэдээлэл хийнэ гэж байна. Мөн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин бүлгийн хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш