logo
Жеймс Камерон: Санаанд багтамгүй зүйл болж болдгийг “Титаник”-ийн сүйрэл харуулсан

Жеймс Камерон: Санаанд багтамгүй зүйл болж болдгийг “Титаник”-ийн сүйрэл харуулсан

2012/04/16
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд алдарт “Титаник” усан онгоц анхны болоод сүүлчийн аяллаа хийсний 100 жилийн ойн өдөр тохионо. Энэ түүхэн өдөртэй холбогдуулан Германы “Шпигель” сэтгүүл Оскарын шагналт “Титаник” киноны найруулагч Жеймс Камеронтой ярилцжээ.

-Ноён Камерон, та болон танай багийнхан далайд шумбаж “Титаник” дээр 30 гаруй удаа очсон гэсэн. Юу хийсэн юм бэ?
-“Абиссын сүнснүүд” баримтат киноны зарим хэсгийн зураг авалтыг хийсэн юм. Бид тэр дор яг юу байгааг харахыг хүссэн юм. Үнэхээр сэтгэл хөдлөх байсан шүү. Яг л нэг сансрын ажиллагаа шиг санагдсан. Бид өөрсдөө өндөр техник, технологиор хүрээлүүлсэн сансрын нисгэгчид ч юм шиг. Тэгж байтал харанхуйн дундаас Титаник өөр ертөнцөөс ирсэн юм шиг л гэнэт гараад ирсэн. Би тухайн үеийн нөхцөл байдлыг бодитоор нь илэрхийлэх гэж оролдож байгаа ч үнэндээ маш их сэтгэл хөдлөм мөн байсан болохоор догдлоод болохгүй юм.  

-Сэтгэл тэгж их хөдөлсөн гэж үү. Эсвэл далайн мандлаас доош 3800 метрийн гүнд жижигхээн шумбагчтай, буцаж эх газар дээр гарч чадах эсэхдээ итгэлгүй байсан болохоор айсан юм болов уу?

-Тэгсэн тал бий шүү. Нэг өдөр шумбагчид маань техникийн асуудал гараад. Бид шумбагчтайгаа “Титаник”-ийн хитэг дээр газардсан юм. Миний таамагласнаар “Титаник” сүйрч байхад хэсэг хөгжимчид хүмүүсийн тайвшруулахаар хөгжмөө тоглосоор байсан тэр хэсэг дээр бид буусан байсан. Үнэхээр аймаар санагдсан. Харин далайн мандал дээр гарч ирснийхээ дараа би зүгээр л суугаад уйлж эхэлсэн. Тэгэхэд л би 100 жилийн өмнө усан онгоцон дээр болсон тэр эмгэнэлт явдал, хүмүүсийн сэтгэл санааны байдлыг бага ч болов ойлгох шиг болсон. Аврах завинуудын хойноос харж зогссон эрчүүд эхнэр хүүхдээ хэзээ дахиад харахгүй гэж бодоод ямар хэцүү байсан бол доо.

-Гэхдээ түүхэнд “Титаник”-ийнхаас олон хүн нас барсан олон гамшигт осол байдаг шүү дээ. Яагаад үүнийг онцолсон юм бэ?
-Ганцхан тоотой холбож ярьж болохгүй л дээ. Тухайн үед нийгмийн өөрчлөлттэй холбоотой. Технологийн дэвшил гарч, хүмүүс онгоц бүтээж, гэрэл цахилгаан ид хэрэглээнд орсон нэлээд өөдрөг цаг үе байсан. Хүмүүс юм бүрийг нь гэрэл гэгээтэйгээр харж төсөөлж байсан. Усан онгоцны эзэд ч “Титаник”-аар маш их бахархаж, бардамнаж байсан. Гэтэл гэнэт санаанд оромгүй явдал болж, олон хүний ирээдүйн тухай гэрэл гэгээтэй төсөөлөл Титаниктай хамт живсэн. Өнөөдөр ч гэсэн санаанд багтамгүй зүйл гэнэт болохыг үгүйсгэхгүй, цөмийн дайн ч юм уу. Тийм зүйл болж болдгийг “Титаник”-ийн сүйрэл харуулсан.

-Бусад сүйрэл гамшигууд ч байсан харуулсан шүү дээ. Яагаад “Титаник” тийм ихээр нөлөөлсөн юм бол?
-Яагаад гэвэл “Титаник” онгоц болон сүйрэл нь маш онцгой байсан. “Титаник” дээр тавцан дээр нэгдүгээр зэрэглэлийн буюу баян, чинээлэг хүмүүс, дундаж давхаргынхан, доод давхаргынхан мөн хөлгийн багийнхан гээд дөрвөн өөр хэсэг хүмүүс явж байсан. Гэтэл баян хүмүүс, тэдний дотор уурын усан онгоны “White Star Line” үйлдвэрийн захирал, “Титаник” онгоцны эзэн Брюс Исмэй усан онгоцоороо гайхуулахын тулд хөлгийн багийнханд нөлөөлсөн. Тэд усан онгоцыг хэт хурдлуулж, нэг үгээр хэлбэл бусад хүний амьдрал, ирээдүйгээр тоглосон. Гэтэл гэнэт мөсөн уул гарч ирэхэд бүх зүйл оройтсон байсан. Тэр мөсөн уул нь дэлхийн дулаарлын үр дүн. Одоо би Гуамд байна. Хэдэн өдрийн өмнө Микронесиагийн Ерөнхийлөгчтэй уулзахад улс нь маш нам дор газар байдал болохоор дэлхийн дулаарлын улмаас өдөр ирэх тусам живж, жижгэрч байгаа гэж ярьсан.

-Та энэ талаар ч гэсэн кино хийх хэрэгтэй юм биш үү?
-Болох л юм. Кино хийх санаа ер нь хаа сайгүй байна. Ер нь би өөрөө тэгж их мэдрэмтгий ч юм уу надтай ер нь их сонин зүйл тохиолддог юм. 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид АНУ-д 3000 гаруй хүний аминд хүрсэн тэр аймшигт өдөр би “Титаник” руу шумбаж байсан. Тэгээд 12 цагийн дараа л тийм явдал болсныг мэдсэн. Магадгүй дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байсан хүмүүсээс энэ талаар хамгийн сүүлд мэдсэн хүн нь би байсан байх. Тэгэхэд би түүхийн өөр нэг онцгой явдал болж байхад яагаад би түүх рүү шумбаж таарсан юм бол оо гэж бодож байсан. Хүмүүс ер нь яагаад “Титаник”-ийг тэгж их үздэг гэж бодож байна. Зарим нь уйлах гэж. Хагацал гэдэг бидний амьдралын нэг хэсэг. Энэ кино бол хайр үхлийн тухай өгүүлдэг. Хайрын нэг хэсгийг үхэл тодорхойлдогийг харуулдаг.

-Таны бодлоор “Титаник” дээр одоо ч нууцлаг зүйлс олон байгаа болов уу?
-Үл тайлагдах бяцхан нууцууд хаа сайгүй л байдаг. Жишээ нь, бид “Титаник” дээрх усан доороос утасгүй цахилгаан холбоо дамжуулдаг “Marconi” гэдэг өрөөнд яг ослын үеэр юу болж байсан талаар төсөөлж болно. Бид шумбахдаа тэр өрөөний байдлыг ажигласан. Унтраалгуудын байрлалыг харсан. Оператор Жон Филлипс, Харолд Брайд нар цахилгаан эрчим хүчний хяналтаа алдахгүйг хэрхэн хичээж байсан нь тэндээс харагдаж байсан. Брайд амьд гарсан ч Филлипс сураггүй болсон. Брайд энэ талаар ярихдаа “Түүнийг хамгийн сүүлчийн удаа харахад мэдээгээ дамжуулан ажилласаар л байсан” гэсэн байдаг. Магадгүй гэрэл цахилгаан тасарч, утасгүй холбооны машин унтрах тэр агшинд Филлиппс гарах гэж оролдсон л байж таарна. Гэхдээ хэтэрхий хожимдсон байсан байх. “Титаник”-ийн нууц аажим аажмаар үгүй болсоор байгаа. Тиймээс бид заримыг нь хэзээ ч мэдэж чадахгүй байх.

“Титаник”-ийн дурсгалыг хүндэтгэх усан онгоц замын дундаас буцжээ
“Титаник” усан онгоцны дурсгалыг хүндэтгэж, 100 жилийн өмнө дутуу орхисон аяллыг нь гүйцээхээр аянд гарсан “MS Balmoral” усан онгоц замын дундаас буцсан тухай “BBC” мэдээллээ.

Онгоц буцсан шалтгаан цаг агаарын байдалтай ямар нэг холбоогүй бөгөөд зорчигчдын нэг нь хүндээр өвдөж, буцахаас аргагүйд хүрсэн байна.

Усан онгоцны зорчигчдын дунд 100 жилийн өмнө “Титаник” онгоцонд сууж явсан хүмүүс үр ач нар ч багтаж байгаа бөгөөд 12 хоногийн аялал хийхээр төлөвлөөд байжээ.

Харин одоо “Титаник”-ийн дурсгалыг хүндэтгэх аялал 100 жилийн ойн өдрөөс өмнө дахин эхэлж амжих эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Б.Тамир
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш