logo
Н.Энхбаярыг баривчлах ажлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан гэж иргэд үзэж байна

Н.Энхбаярыг баривчлах ажлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан гэж иргэд үзэж байна

2012/04/17

Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-ны өглөө Төв аймаг дахь Цагдан хорих төв рүү ачсан. Түүнийг ийнхүү баривчлах болсон шалтгаан нь хууль бус өмч хувьчлалтай холбоотой асуудлаас болсон хэмээн албаныхан тайлбарлаж байгаа билээ. Түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150.3-р зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд энэ нь хүнд гэмт хэрэгт тооцогддог аж. Н.Энхбаярыг 14 хоногийн хугадаанд баривчилна.

Хэрэв шаардлагатай гэж үзвэл 21 хоногийн хугацаанд хорих заалттай байдаг аж. Одоогоор Н.Энхбаярыг батлан даалтад авах асуудлаар албаныханд хүсэлт ирээгүй байгаа гэнэ. Иймээс манай шуурхай сурвалжлах тусгай групп газар дээр нь очиж сурвалжлахаар Төв аймгийн Цагдан хорих төвд очсон юм.


Өнгөрсөн баасан гарагийн үүрээр Н.Энхбаярыг баривчлах үеэр бие нь муудаж, түргэн тусламж дуудсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний даралт ихэссэн гэсэн ч баривчлах үеэр гэмтсэн байж болзошгүй гэх мэдээлэл ч бий.

Биднийг 13-ны өдрийн 12:30 "цагийн үед очиход Төв аймгийн мөрдөнгийн удирдлагууд хуралдаж байгаа гэсэн шалтгаанаар дотогш нэвтрүүлэхгүй байлаа. Ямартай ч тус хорих ангийн гадаа шүүхийн шийдвэр гүйдэтгэх газрын арваад ажилтан байсан юм. Эдгээр ажилтан цагдан хорих төвийг хамгаалалтад авч, дотогшоо ямар ч хүнийг оруулахгүй байв.

Цагдан хорих төвийн гаднах байдал ерөнхийдөө иймэрхүү байлаа. Сурвалжлагчид болон МАХН-ы гишүүн гэх хэдэн хүн, мөн хамгаалалтын ажилтнуудаас өөр хүмүүс байсангүй. Тэндхийн иргэн О.Батбаяртай уулзахад «Өнөө өглөө «Хаммер» маркийн гурван хар машинаар Н.Энхбаяр даргыг авч ирсэн. Би тэгэхэд яг хараад зогсож байсан. Н.Энхбаяр даргын хөл нүцгэн, толгой дээгүүр нь хар юмаар ороосон байсан.

Хэлмэгдүүлэлтийн үед л хүний нүүр царайг баглаад буудан хороодог байсан гэдэг. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг ингэж хүч хэрэглэх ёс байхгүй. Энэ бол дэндүү хууль зөрчсөн үйлдэл. Одоо ойр орчимд нь амьдардаг бидэнд үнэхээр хэцүү байна. Би МАН-ын гишүүн хүн. Манай намыг үүнд холбоотой гэж ярьж байна. Хэрвээ үнэхээр ийм үйлдэл хийсэн бол харамсахаас өөр яах вэ дээ» гэлээ.

Үүний дараа бид Төв аймгийн МАХН-ын хороо руу очтол удирдлагууд нь Улаанбаатар хот руу хуралд явсан байв. Аймгийн төв талбай дээгүүр явж байсан хүмүүсээс ямар сэтгэгдэлтэй байгаа талаар асуухад тус аймгийн МАХН-ын гишүүн Д.Даваасүрэн «Энэ арай дэндүү муухай зүйл боллоо. Төрийн тусгай хамгаалтад байх ёстой хүн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ийм гутамшигтайгаар хорьж байгаад ард иргэд эгдүүцэж байна.

Одоо бидний сонголт товч бөгөөд тодорхой болсон. Эргэлт буцалтгүй МАХН-д саналаа өгнө гэж бодож байна. Бүтэн дөрвөн жил хоёр намд итгэл үзүүлсэн боловч ард түмнээ ядуурлын өмнө өвдөг сөхрүүлж, эцэст ард түмниихээ нүдэн дээр цэвэр хүчирхийлэл үйлдлээ» гэсэн юм. Ер нь Төв аймагт хүмүүсийн уур амьсгал маш их бухимдалтай, энэ бухимдлаа сурвалжлагчдад гаргах нэгэн ч байв.

Төв талбай дээр байгаа иргэд «Бид Улаанбаатарт болох суултад өөрсдийн биеэр очих болно» гэж байв. Ж.Цэцэгмаа гуай «Бид цагтаа МАХН-ын эсрэг байсан. Н.Энхбаярыг зүгээр л нэг албан тушаалын төлөө явж байна гэж бодож байсан боловч байдал эсрэгээрээ эргэлээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч    Ц.Элбэгдорж гэж хүн энэ бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан.

АТГ-аас Н.Энхбаяр даргыг баривчилж байгаа нь хууль бус үйлдэл. Одоо ард түмний сонголт ойлгомжтой болсон. Энэ бүхэн Ц.Элбэгдоржийн найруулсан жүжиг гэдгийг ард түмэн чинь маш сайн ойлгож байгаа шүү. Өнөөдөр төрийн өндөрлөгт Ц.Элбэгдорж гарч ирсэн цагаасаа хойш хууль хүчний байгууллагыг задалж хуваан хооронд нь хагаралдуулсан.

Одоо бид Ц.Элбэгдоржийг сонгосондоо үнэхээр их харамсаж байна. Энэ хүн зөвхөн өнгө, мөнгө, өндөр албан тушаалын төлөө явсаар ирлээ. Эцэст нь гадаадын улс орнуудын өмнө монголчуудыг шившигтэй байдалд оруулсанд нь харамсаад барахгүй байна. Ийм муухай хүн Монголын төрд гарч ирснээрээ бид улам ядуурлын туйлд хүрч, зовж байна. Шударга ёсны төлөө ажилласан гурав дахь Ерөнхийлөгчөө ингэж хүч хэрэглэж гуч, дөчөөд оны үеийн хэлмэгдүүлэлт хийсэнд харамсаад барахгүй байна» гэлээ.

Р.Саруултөгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш