logo
Улаанбаатар Азийн санхүүгийн төв болох уу

Улаанбаатар Азийн санхүүгийн төв болох уу

2012/04/23
Ер нь бол Улаанбаатар хот маань Азидаа томоохонд тооцогдох санхүүгийн төв болох боломж бүрдчихсэн. Тодорхой төлөвлөгөөний дагуу зохих ажлууд хийгдэж байгаа билээ.

Лондонтой хамтран ажиллах мастер гэрээний хүрээнд Монголын хөрөнгийн бирж гурван жилийн дараа дэлхийн жишигт нийцсэн томоохон бирж болох учиртай. Гэрээ зурагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх “Millennium IT” системийг суурилуулах ажил үндсэндээ дуусч, одоо жинхэнэ арилжааны туршилт үргэлжилж байна. Энэхүү систем сууснаар Монголын хөрөнгийн биржийн арилжааны хурд техник, технологи гээд бүх зүйл дэлхийн төвшинд хүрнэ.

Шинээр суулгаж буй технологи секундэд 1000 гаруй арилжааг явуулах боломжтой гэж албаны хүмүүс хэлж буй билээ. Лондонгийн хөрөнгийн биржийн багийнхан зөвхөн техник,  технологийг суурилуулаад зогсохгүй боловсон хүчин, хууль эрх зүйн зохицуулалт гээд цогц ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьчихсан байгаа.

Шинэ хуулийг батлах нь хамгийн чухал ажил гэж албаны хүмүүс хэлж байна. Юутай ч Монголын хөрөнгийн бирж дэлхийн төвшинд хүрэхэд хамгийн цаад талын хугацаа 2013 он байх учиртай. Гэхдээ 2013 он гэхэд Улаанбаатар хот маань хөрөнгийн биржээ дагаад Азийн санхүүгийн төв болчихно гэвэл хараахан учир дутагдалтай байгаа юм.

"Монголын хөрөнгийн бирж хангалттай томорч байгаа ч тэнд одоо болтол дэлхийн төвшний үнэт цаас, хувьцаа арилжигдахгүй байна" гэж мэргэжилтнүүд хэлж буй. Монголын компаниуд Монголдоо хувьцаагаа гаргах сонирхолгүй байгаа нь гол асуудал болоод байгаа.

Гэхдээ үүнээс гадна хөрөнгийн бирж дээр ажиллах гишүүн байгууллагууд брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлэгчид энд голлох үүрэгтэй. Тэд дэлхийн төвшинд ажиллаж, дэлхийн төвшний ёс зүйтэй байж чадвал хөгжил аяндаа ирэх юм.

Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах, эсвэл биржээс худалдан авахад бүх зүйл тодорхой байх учиртай. Өнөөгийн нөхцөлд бол Монголын хөрөнгийн бирж хөрөнгө оруулагчдын өмнө нээлттэй, ойлгомжтой байж чадахгүй байна. Магадгүй энэ янзаар 2013 онтойгоо золгочихвол дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүллээ гээд ямар ч нэмэргүй шүү дээ.

Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны гишүүн, эдийн засагч Л.Бямбаа "Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индексээс хувьцаа аваарай гэж би л хувьдаа гадаадын хөрөнгө оруулагчид зөвлөж чадахгүй" гэж байсан.

Өөрөөр хэлбэл, Топ-20 индексийн өсөлт, бууралт нь зах зээлээ шууд илтгэж чадахгүй байгааг эдийн засагч Л.Бямбаа онцолжээ. Харин дэлхийн төвшний санхүүгийн төв болох, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах хамгийн гол үзүүлэлт нь ойлгомжтой, тодорхой байдал билээ.

Хөгжингүй орнуудад бол Хөрөнгийн биржийн голлор индексүүд эдийн засгийн нөхцөл байдалтайгаа шууд уялдан өсч, буурч байдаг. Зах зээлийн индексүүд унаад эхэлбэл, эдийн засаг нь буурч, цаашилбал, үйлдвэрлэл үйлчилгээ нь саарч байна гэсэн үг. Эсрэгээрээ эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх бодлогын шийдвэр гарсны дараа зах зээл дээр огцом өсөлт ажиглагддаг билээ. Үүнийг бид АНУ, Европын хямралын үед хангалттай ажигласан.

Харин Монголын хөрөнгийн бирж өнөөдөр ямаршуухан байдалтай байна вэ. Хамгийн түрүүнд цөөн хэдхэн хөрөнгө оруулагчдын гарт ихэнх хувьцаа төвлөрчихсөн байна. Тэд индексийн сагсыг өөд нь татах, уруудуулах эсэхээ шийднэ. Монголын хөрөнгийн бирж дээр байгаа нийт хувьцааны 80 гаруй хувь нь цөөн хэдхэн хөрөнгө оруулагчдын гарт байгаа гэдгийг албаны мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тийм ч учраас өнөөдөр Монголын хөрөнгийн бирж Монголын эдийн засгийн дүр төрх болж чадахгүй байна.

Хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн жил Монголын эдийн засаг 17 хувиар өссөн байхад Хөрөнгийн биржийн Топ-20 индекс болон зах зээлийн үнэлгээ бараг 20 гаруй хувиар унасан үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар иргэн бүртээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшүүлж, хүн бүрт данс нээхээр болсон. Энэ шийдвэрийн дараа хөрөнгийн зах зээл дээр шууд л өсөлт явагдаж байх ёстой. Гэвч тэгээгүй.

Он гарсаар хөрөнгийн зах зээл харьцангуй идэвхжиж, хэд хэдэн компаниуд ногдол   ашиг   хуваариллаа. Компаниуд ногдол ашиг хуваарилсны дараа үнэ өсөх дүр зураг ажиглагдах нь бий. Гэвч Монголын хөрөнгийн биржийн "Топ-20" индекс сүүлийн хэдэн сард тасралтгүй буурсаар байгаа.

"Шарын гол" ХК нөөцөө нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлснээ албан ёсоор зарласан, үүнээс өмнө нэмэлт хувьцаагаа гаргаад байсан. Энэ  тохиолдолд  хувьцааны ханш өсөх учиртай. Өөрөөр хэлбэл, эерэг мэдээлэл гарсан үед компанийн хувьцааны ханш өсдөг. Гэвч "Шарын гол" компанийн хувьцааны ханш өнгөрсөн хугацаанд өсөх бус уруудсаар ирлээ.

Монголын хөрөнгийн зах зээл Дээр хамгийн өндөр үнэлгээтэй компани бол орон нутгийн “Тавантолгой” ХК. Тус компанийн хувьцааны ханш хэдийгээр нэлээд өндөр байдаг ч үйл ажиллагааны хувьд дэндүү хоцрогдсон, хөдөлмөр эрүүл ахуйг хангах ямар ч стандарт байхгүй гэдэг. Үүнийг сэтгүүлчид байнга шахуу бичдэг ч энэ компанийн хувьцааны ханш өссөөр ирлээ.

Энэ мэтээр Хөрөнгийн зах зээлийн өсөлт бууралт нь засгаас гарч байгаа шийдвэр, хэвлэл мэдээллээс хараат бус байгаа юм. Цөөн хэдхэн хөрөнгө оруулагчдын гарт ихэнх хувьцаа төвлөрсөн учраас аргагүй шүү дээ.

Тэгэхээр Улаанбаатар хот маань хөрөнгийн биржээ шинэчилж, Азийн санхүүгийн төв болохын тулд энэхүү төвлөрлийг хамгийн түрүүнд "хага цохих" хэрэгтэй байна. Тэгж байж, эдийн засаг болон хөрөнгийн зах зээл хоёр хоорондоо холбогдож, гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах тааламжтай нөхцөл бүрдэх учиртай.

Харин гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн биржийн нөхцөл байдал ойлгомжтой, найдвартай байвал тэд Улаанбаатар руу хошуурч эхэлнэ. Тэр цагт Улаанбаатар хот маань жинхэнэ утгаараа Азийн санхүүгийн төв болох биз ээ.

Өөрөөр хэлбэл, зөвхөн техник, технологийг шинэчлээд хөрөнгийн биржид ажиллах боловсон хүчнээ шилдэг болголоо гээд хөгжил дэлхийн төвшинд хүрэхгүй нь. Хамгийн гол нь хөрөнгийн биржийн оролцогчдын мэдлэг, мэдээлэл, ёс суртахууныг сайжруулах ёстой гэсэн үг.

Л.Дэлгэр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш