Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд орших Борнуур суман дахь амьдрал есөн зууны тэртээхээс өөрчлөгдөөгүй мэт. Со циалист нийгэм нуран унасан 1990 оноос хойш орон нутаг дахь алт олборлогчдын тоо өсчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ-д алт худалдах сонирхолтой Монголын “нинжа” нар олшрох болжээ. Борнуурт гар аргаар алт олборлогч 65 настай Хорлоо “Бид алтны төлөө гурван жил шороо ухаж байна” гэж ярилаа.
Өмнөх онд БНХАУ-ын алт олборлолт 361 тоннд хүрсэн ч эрэлт нь түүнээс давж буй. Тус улс гаднын орнуудаас хэдий хэмжээний алт импортолдог тухайгаа мэдээлдэггүй ч өнгөрсөн онд Хонконгоос 428 тонн алт худалдан авсан нь өмнөх оныхоосоо гурав дахин өссөн үзүүлэлт юм. Иймээс ч “Ivanhoe Mines” компани болон “Rio Tinto” группийн хэрэгжүүлж буй “Оюутолгой” төсөл, Борнуурын алтны ордтой Монгол руу хятадууд ихээхэн анхаарал хандуулж байна.
Монголын Засгийн газар уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг түргэсгэнэ хэмээн итгэж байгаа ч зарим хууль тогтоогчид зөвхөн Хятадын түүхий эдийн нийлүүлэгч болчих вий гэдэгт санаа зовж байгаа юм. Заамарт гар аргаар алт олборлож буй эмэгтэйчүүдийн нэг Уранцэцэг “Бид бүх ажлыг хийдэг ч хятадууд ашгийг нь хүртдэг гэхэд болно” гэж ярьжээ. Тус улсын хуулиар Төвбанкинд алтаа тушаах ёстой ч хар захад буюу ченжүүдэд борлуулах нь илүү ашигтай төдийгүй арван хувийн татвар төлөхөөс зугтах боломжийг олгодог гэнэ.
Заамар суманд 2007 онд 10 мянгад хүрсэн нинжа нарын тоо одоогоор багассан ч “шинэ” алт олборлогчид ирсээр байгаа юм.
Ц.БОЛОР
sharmedee.mn