logo
Төмөр замын бүтээн байгуулалт эхлэх болсон “ид шид”

Төмөр замын бүтээн байгуулалт эхлэх болсон “ид шид”

2012/05/01

Монгол Улсын Засгийн газар гэж онцлоод байгаа ч аль улсынх вэ гэсэн эргэлзээ заримдаа өөрийн эрхгүй төрүүлнэ. Монголын нүүрсийг тойрсон гадаадынхны сонирхолд манай Засгийн газар хөтлөгдөж яваагаа мэдэхгүй л байна гэж баймааргүй юм. Эсвэл мэдсэн атлаа дүлий дүмбэ царайлж сууна уу (эсвэл бүүр туслаад байна уу). Хувийн компанид толгойгоо мэдүүлсэн гэх Монгол Улсын Засгийн газрын бодлого улаан цайм эсрэг талд гарлаа. Ямартай ч баримтаар үүнийг дэлгэе. Уншигч та үүнийг эргэцүүлээд нэг бодоод үзээрэй.

2012 оны тавдугаар сарын 5-нд шинэ төмөр замын ажлыг эхлүүлнэ гэж салбарын сайд нь хэлэв. 2010 оны арваннэгдүгээр сард эхний ээлжинд баригдах Монгол Улсын төмөр замын техникийн зураг төсөл хийх тендерт шалгарсан СМЕК компанид өдий болтол нэг ч төгрөг төлөлгүй ажлыг нь явуулаагүй байгаа аж. Тэгсэн атал дээр дурдсан хоёрдугаар үе шатны буюу Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл төмөр зам барих ажил эхлэхэд бэлэн болжээ. Өнгөрсөндолоо хоногийн бямба гаригт ЗТБХБ-ын сайдын хэлсэнчлэн дээрх чиглэлийн 265 км зам буюуЭнержи ресурс компанийн замын ажил эхлэх гэж байна. Харин хэдэн жилийн турш яригдсан улсын хэмжээний төмөр замын ажил гацсан хэвээр.

2012 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани байгуулахаар шийдвэрлэжээ. Тус компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор төрийн зүгээс эхний ээлжинд 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийг 10-аас доошгүй жилийн хугацаатай олгож, баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгажээ.

2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаж, 32 дугаар тогтоол гарчээ. Төмөр замын бодлогод нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон. Нэгдүгээр үе шат нь Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км, хоёрдугаарт Нарийн сухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт гэсэн нийт 900 км, гуравдугаар үе шатанд Даланзадгадаас баруун хязгаарт нийт 3600 гаруй км төмөр зам барихаар тогтоолд тусгасан. Төмөр замын бүтээн байгуулалт хийснээр Монголын уул уурхайн баялаг дэлхийн зах зээл дээр гарах боломж нээгдэх учиртай байлаа.

2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын 82 дугаар тоот тогтоол батлагдав. Үүний дагуу мөн сарын 20-нд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани байгуулагдсан.  Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд 30 зүтгүүр, 180 гаруй вагон авч, дохиолол холбоог сайжруулах, тэдгээрийг өмчлөх зорилготойгоор байгуулж байв. Гэвч тухайн үед МСС-гийн асуудлаас болж энэ хөрөнгө оруулалт хийгдээгүй юм.

Сар гаруйхны өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийн байгуулах шийдвэр, 93 дугаар тогтоол гээчийг батлуулахдаа 17-хон минутыг зарцуулсан байгаа юм. Ингэхдээ “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид олгосон тусгай зөвшөөрлийг /Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаас 283 дугаар тогтоолоор олгосон/ хүчингүй болгожээ. “Монголын төмөр зам“ төрийн өмчит хувьцаат компанидтусгай зөвшөөрөл гэгчээ олгосон хэрнээулсаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, Хөгжлийн банк ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй. Гэтэл байгуулах гэж байгаа“Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэдэг компанидааХөгжлийн банкнаас 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа Засгийн газар гаргаж өгсөн нь хачирхалтай. “Монголын төмөр зам” ТӨХК “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхийн тулд техник эдийн засгийн үндэслэлийг дэлхийд зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч “Мак Кинсей энд Компани”-аар ахлуулсан зөвлөх багаар дөрвөн сарын хугацаанд боловсруулсан. Үүний төлбөрийг нь “МТЗ” компани зүтгүүрүүдээ барьцаалж, ХААН банкнаас зээл авч төлсөн байдаг. Эхний үе шатны 1165 км замын дагуу геологи, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тогтоох судалгааг үндэсний 30 гаруй компаниар хийлгүүлсэн ч төлбөрийг нь одоо болтол төлөөгүй аж. Хөгжлийн банк энэ хугацаанд шинэ бүтээн байгууллалтын төсөлд шаардлагатай 55 сая ам.долларыг босгож өгөлгүй өдийг хүргэсэн мөртлөө гэв гэнэт 399 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах болжээ.

Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 27-ны хуралдааны 93 дугаар тогтоолын 6.4-т Төмөр замын суурь бүтэц эзэмшигч хувьцаат компанийн үйл ажиллагааг эхлэх хүртэл Сайншанд-Таван толгой-Ухаа худаг чиглэлийн төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессыг шууд олгож, 2012 оны эхний хагас жилд багтаан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажилтай зэрэг эхлүүлэх гэжээ. Нэгэнт нэгдүгээр шатны төмөр замын ажил эхлэх боломж байхгүй учир хоёрдугаар шат буюу хувийн компанийн төмөр замын ажил эхлэх нь эндээс тов тодорхой харагдана. Засгийн газрын энэхүү 93 дугаар тогтоол нь УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг шууд зөрчиж байгаа юм. Аливаа зүйл нэгийн тооноос эхлэлтэй гэдэг шиг хоёрдугаар шат –нэгдүгээр шат гэж уруудаж явахгүй нь хэнд ч ойлгомжтойбаймаар.

Мэдээж улсын эрх ашгаас дээгүүр тавигдаж буй хувийн хэвшлийн үйл ажиллагаа гэж хардах бүрэн үндэслэл энэ бүхнээс эрхгүй урган гарч байна. Н.Энхбаярын баривчилгаа, цагдаагийн экс дарга нарын шүүх хурал гэхчлэн улс төрийн нөхцөл байдлын ээдрээтэй үйл явдлыг далимдуулж Монгол Улсын эрх ашигт үлэмж хохиролтой ажил алгуурхан явж байсныг хаа хаанаа хав даржээ. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох гэсээр байтал Энержи ресурс  компани Ухаа худагаас олборлосон нүүрсээ Хятад руу зөөж ашиг олсоор. Тэгэхдээ бүр хамгийн хамгийн доод үнээр нүүрсээ борлуулж, монгол нүүрсний үнийг шалд нь буулгаад байгааг хангалттай ярьж, бичиж байхад ч Монгол Улсын Засгийн газар ганц ч үг ган хийсэнгүй.

Зөвхөн 2010 онд гэхэд манай улс БНХАУ-д экспортолсон коксжсон нүүрсээ нэг тонныг нь 63 ам.доллар буюу бусад нийлүүлэгч орнуудаас 2-3 дахин хямд үнээр болруулсан байх юм. Харин 2011 онд нэг тн-ыг нь 73 ам.доллараар борлуулжээ. Өөрөөр хэлбэл, бусад орнууд нэг тонн нүүрсээ 2010 онд 173-199 ам.доллар, 2011 онд 179-233 ам.доллараар борлуулж байжээ гэсэн үг.  Тус улсад коксжсон нүүрс нийлүүлдэг орнуудын борлуулдаг үнийн дундаж болох 161 ам.доллараар манай улс коксжсон нүүрсээ нийлүүлж байсан бол 2010 онд 2.5 тэрбум, 2011 онд 3.5 тэрбум ам.доллар олох байжээ. Энэ маягаар үргэлжилбэл 2012, 2013 онд манай улсын хүлээх алдагдал үүнээсээ хэд дахин нэмэгдээд явах нь.

Үүнийг Монгол Улсын төлөө хийж буй үйлдэл гэж харвал хамгийн том эмгэнэл болно. Хувийн компанид үйлчилсэн Засгийн газарт цаашид итгэсэн хэвээр байх уу.

“Үндэсний төмөр замын суурь бүтэц” хэмээх шинэ компанийг байгуулж жил гаруй хугацаанд бор зүрхээрээ зүтгэж ирсэн ”Монголын төмөр зам” компанийн бүх ажлыг булаан авахаар зэхэж байгаа юм. Засгийн газар төрийн өмчит компанидаа хойт эхийн зан гарган алаг үзэж, дахин өөр нэгэн төрийн өмчит компанийг байгуулж байна.Ганц төгрөгийн дэмжлэг, санхүүгийн боломж олгоогүй “МТЗ”-г зөвхөн тээвэрлэлт хариуцуулж, “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани бүтээн байгуулалтаа хариуцаж, Хөгжлийн банкнаас 400 орчим тэрбум төгрөгийн эрхээ өвөртөлчихлөө. Харин энэ хугацаанд төмөр замын талаар хийсэн бүх судалгаа, баримт материалыгудахгүй байгуулагдах учиртай“Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанид шилжүүлэх бэлтгэл ажлыг ЗТБХБЯ нь шуурхайлан хийж байгаа гэлцэнэ. Энэ бол үүрэхийг нь чи /”Монголын төмөр зам” ТӨХК/ аахилахыг нь би /”Үндэсний төмөр замын суурь бүтэц” ТӨХК/ гэдэг л болж байна.Засгийн газар гаргасан тогтоолоо хүртэл зөрчин байж байгуулагдах энэ шинэ компани хэний эрх ашгийн үүднээс, яах гэж шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгааг судалж үзэх ёстой л баримт. Ирэх жилүүдэд нүүрсний экспорт улам нэмэгдэх гээд байдаг. Гэтэл Америк, Канад, Австралийн нүүрс тонн нь 200 ам.доллар гараад явж байхад манайх 70 ам.доллараар баялгаа өгөөд суусаар байх уу. Өнгөрсөн жил гэхэд БНХАУ Монгол Улсаас нүүрсний импортын дийлэнхийг авч байгаа баримт бий. Үүнийгээ ч нэмэгдүүлэх нь тодорхой. Зөвхөн 2011 онд гэхэд манай улсаас 20 сая тонн коксжсон нүүрс импортоор авсан байх юм. Энгийнээр бол хэд хэдэн том уулыг маань ухаж аваачаад дэлхийн зах зээлийн үнээс хамгийн бага үнээр зарчихжээ гэсэн үг. Стратегийн ордын нэг хэсэг болох Ухаа худагаас олборлолт явуулж, нүүрс экспортолдог Энержи ресурс  компани Монгол Улсын ирээдүйд ямар том тээг болохыг эндээс харж болохоор. 

Хөрөнгө мөнгөний гацаанаас үүдсэн бүтээн байгуулалтын ажил ид шидийн мэт гэнэтхэн эхлэхээр болж, мөнгө нь ч орж ирэхээр болоод буй нь гайхалтай шүү. УИХ-ын ээлжит сонгууль болохын өмнө бүх бүтээн байгуулалт зэрэгцээд эхлэх ёстой шоу юу. Эсвэл цөөн хэдэн хүнд үйлчилсэн Засгийн газрын ээлжит луйвар уу. Аль нь болохыг ялгаж, салгах цаг иржээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш