logo
Э.Бат-Үүлийг хэнийг алсан хэрэгт сэрдээд

Э.Бат-Үүлийг хэнийг алсан хэрэгт сэрдээд "Алуурчин" гэх болов?

2012/05/11

Өчигдөр МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Н.Энхбаярын биеийн байдлын тухай танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл үг сөрснөөр чуулганы танхимд удтал хэрэлдсэн тухай sonin.mn мэдээлсэн билээ.
Нохой, гахайдаа тулсан ёс зүйгүй гэхэд дэндүү ёс зүйгүй хэрүүлийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва : "Чи алуурчин Улсын баатар" гэхэд нь Э.Бат-Үүл: "Муу коминтерний шээс" хэмээн хариу барьсан юм.
Хэдийгээр УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт бий ч энэ нь хэн юу дуртайгаа зохиож ярина гэсэн үг мэдээж биш.
Тэгвэл дээрх гишүүд юуны учир нэгнийгээ дээрх үгсээр цоллох болов оо.
"Коминтерний шээс" гэдэг нь ч  яахав, Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга тул коммунист угшилтай гэсэн "ардчиллын алтан хараацай" гэх Э.Бат-Үүлийн санаанаас үүдэлтэй нь тодорхой.
Харин мөнөөх "коминтерний шээс" гэгдсэн гишүүн юуны учир  Улсын баатар Э.Бат-Үүлийг хүний амь хөнөөсөн  хэмээн орон даяар цацагдаж байсан телевизээр мэдэгдэв.
МҮАН-ын гишүүн асан, өдгөө Н.Энхбаярын зөвлөх болсон Л.Эрдэнэтуул нэгэнтээ " С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар алсан" хэмээн ил шулуухан хэлсэн нь бий.
Үүнтэй холбогдуулж, бухимдсан гишүүн "Алуурчин" гэж хашгирахад хүрэв үү?
Эсвэл өөр шалтгаан, шалтаг бий юу?


Энэ мэт олон асуултын хариуг олохын тулд Э.Бат-Үүл Д.Тэрбишдагвыг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгөх, эсвэл Д.Тэрбишдагва Э.Бат-Үүлийг хүний амь хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх гомдол гэсэн хоёр л гарц үлдэж байна.
Учир нь Монголын төр хэн дуртай нь хүссэнээ ямар ч хяналтгүй хашгичдаг хэрүүлийн талбар биш билээ.

Э.Эрдэнэтуяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш