logo
Э.Бат-Үүл: Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудаад хоцрох нь шиг байна

Э.Бат-Үүл: Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудаад хоцрох нь шиг байна

2012/05/15
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы эхэнд Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаярын биеийн байд­­лын талаар мэдээлсэн. Гэтэл түүнд та тэгтлээ уурласан шалтгаан юу юм бэ?

-Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Энэ бол манай ардчиллын нэг том ололт. Тийм учраас өнөөдөр Н.Энхбая­рыг би гэм буруутай гэж үзэхгүй байна. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байгаа энэ үед шүү дээ. Яагаад үүнийг тодруулж хэлээд байна вэ гэхээр нийгэмд нэг хэсэг нь Н.Энхбаярыг буруутай гэж яриад байна. Нөгөө хэсэг нь гэмтэй гээд байна. Үнэндээ шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй. Олон хүний санаа сэтгэл шүүхийн шийдвэрт нөлөөлбөл яах юм. Харин ч өөрийг нь гэмт хэрэгтэн мэтээр яриад яваа хүмүүсийг Н.Энхбаяр шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр заргалдахгүй байгааг нь гайхаж байна. Н.Энхбаяр бол авлигын тодорхой хэрэгт сэжигтнээр татагдчихсан байгаа хүн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдаж байна. Энгийнээр хэлбэл шалгуулж байна л даа.

Гэтэл уг үйл ажиллагаанд Н.Энхбаяр бүх бололцоогоороо саад болж байна. Хуулийн дагуу ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэг хийгээгүй бол тэрийгээ хэлэх ёстой байхгүй юу. Гэтэл тэгээгүй учраас хуулийн байгууллага арга­гүйн эрхэнд албадан шалгаж байна шүү дээ. Түүнээс биш яалаа гэж Н.Энхбаярыг зүгээр явахад нь очоод барьж хорих вэ дээ. Ямар хүн баривчлах дон туссан биш. Монгол Улсын аль ч иргэн хуулийн байгууллагаас дуудвал очих ёстой. Ирэхгүй бол албадан саатуулдаг. Өөр ямар ч арга байхгүй. Үүний дагуу явтал Н.Энхбаяр өлсгөлөн зарлачихлаа. Энэ бол хувь хүний сонголт л доо. Өөрөө л энэ замыг сонгож байна. Өлсгөлөнгөөр далайлгаад мөрдөн байцаах ажилд саад болж байна. Үнэндээ одоо шалгах үйл ажиллагаа гацчихлаа. Нийтээрээ Н.Энхбаяр үхчих вий гэж санаа зовох боллоо. Бүр эцэс сүүлдээ энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх гэж оролдож байна. Бид мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох ёсгүй. УИХ, Засгийн газар үүнд оролцох эрхгүй. Үүнээс болоод Д.Тэр­бишдагватай муудалцсан. УИХ-ын даргад “Дэгээрээ явбал яасан юм бэ” гэж л хэлсэн. Тэгсэн Д.Тэрбишдагва намайг хажуунаас элдвээр хэлээд дайрна лээ.

-Коминтерний шээс гэж хэлсэнд чинь нэлээд бухимдах шиг болсон…

-Би энэ үгийг одоо ч хэлэхэд бэлэн байна. Энэ үгийг би хэзээ ч хэлнэ. Монгол Улсын түүхийн хар толбо болсон Хувьсгалт гэдэг нэртэй нам байгаа тохиолдолд хэлсээр байх болно. Коминтерн бол коммунист интернациональ гэдэг үгийн товчлол шүү дээ. Үнэндээ Монгол ардын хувьсгалт намыг 1924 онд Коммунист интернационалийн гүйцэтгэх хорооны шийдвэрээр байгуулсан юм. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын байгуулсан эх орончдын намыг ингэж коммунист нам болгосон. Коммунист болсныг нь нотолж Хувьсгалт гэдэг үгийг шигтгэсэн байхгүй юу. Хувьсгалт нам Монголын түүхэнд хар толбо болсон. Коминтерний удирдлагаар, энэ намын заавраар Монго­лын 40-өөд мянган хүнийг алсан. Харийнхны заавраар монгол хүн монгол хүнээ устгаж байсан үүнээс өөр түүх монголчуудад байхгүй. Монголын айл өрх бүрт эмгэнэлт түүхийн намтрыг бичилцэж өгсөн нам юм. Үнэн хэрэг­тээ МАХН нэрээ сольж, хувьсгалт гэдэг үгийг авч хаяхад нь баярлаж байлаа. Ленин, Сталин нарын өгсөн нүгэлт муухай нэр Монголын түүхээс арчигдаж байна даа гэж бодож байсан. Гэтэл Н.Энхбаяр тэр коммунист намыг бу­цаагаад босгоод ирсэн. Улс төрд дахин гарч ирэхийн тулд энэ намын нэрийг ашиглаж байгаа юм байх гэж бодож байлаа. Тэгсэн намынх нь үзэл баримтлал ч коммунист болоод хувирсан. Н.Энхбаяр МАХН-ыг байгуулсны дараа төрийн эрх мэдлийг хүчээр авъя хэмээн коммунистуудын хэлдэг зүйлийг яриад эхэлсэн. Баячуудын хөрөнгийг хураах тухай зарлалаа. Коммунистууд угаасаа том баячуудын хөрөнгийг хураахаас хэлмэгдүүлэлтийг эхлүүлдэг байхгүй юу. Баячуудыг дуусгаад жирийн иргэдийн хөрөнгө рүү дайрдаг юм. Н.Энхбаяр хүмүүсийн чи­хэнд хоногшсон Хувьсгалт гэдэг нэрийг ашиглах гэсэндээ бус коммунист нам байгуулсан нь үүгээр нотлогдсон юм. Би үүнд нь маш их зэвүүцэж явав. Харин тэр өдрийн чуулган дээр хэлье гэснээ хэлж авч санаа амарлаа. Д.Тэрбишдагва намайг өдсөний хүчинд сэтгэлдээ тээж явсан үгээ хэлэх боломж олдсон. Коммунистууд Мон­голыг ямар аймшигтай шорон болгож байсныг одоогийн залуучууд мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би комин­терний шээс гэдгийг бахтайгаар хэлсэн юм.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн эргэлт хийж, Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байхад нь баривчилсан гэх мэдээлэл ч цацагдаад авсан. Энэ хэр бодитой бол, та юу гэж бодож байна вэ?


-Би янз бүрийн цуу ярианд үндэслэж яримааргүй байна. Н.Энхбаярын өөрийнх нь хэлж байсныг ярьж байна л даа. Н.Энхбаяр Их хуралдай дээрээ “Төрөө эргүүлж авъя” гэж уриалсан. Тэр хурал дээр олон хүн “Цус урсгасан ч яадаг юм. Хувьсгал хийе” гээд яриад эхэлсэн шүү дээ. Ер нь төрийн эрх мэдлийг хүчээр авч, цус урсгахаа коммунистууд хувьсгал гэж нэрлэдэг юм. Гэхдээ түүнийг баривчилсан явдал нь үүнтэй холбоотой гэж бодохгүй байна. Хараажаар авлигын хэргээр баривчиллаа шүү дээ. Өөр яах юм бэ. Шалгах ёстой биз дээ. Н.Энхбаяр Монголын улс төрд орж, нэн ялангуяа өндөр албан тушаалд очсоноос хойш Монгол Улс түгшүүртэй болсон. Н.Энхбаяр улс төрд өнөөг хүртэл нэг л зарчмаар явж ирсэн. “Нэг бол намайг хүлээн зөвшөөр, үгүй бол улс үндэстнээ тарааж чадна шүү” гэдэг зарчмаар өнөөдрийг хүртэл явсан.

Энэ хүн Монгол төрийн бүх том албан тушаалд очсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа улсаа өөд нь татах ажлаа хийхгүй яасан юм. Одоо олны өмнө гарчихаад ухаарснаа зарлаж, ихийг бүтээнэ гээд байх юм. Нарийн яривал өнөөгийн Монголын амьдрал Н.Энхбаярын толгойлж байх үеийн Монгол Улсаас дээрдсэн шүү. Н.Энхбаярын хийсэн асар олон балаг өнөөдөр бидэнд гай болоод явж л байна. Монголын түүхэнд ийм олон албан тушаалыг угсруулан хийсэн хүн Н.Энхбаяраас өөр байхгүй. Х.Чойбалсан дарангуйлагч байхдаа нэг л албан тушаал хашсан. Ю.Цэдэнбал ч нэг л албан тушаалтай явлаа. Тэдний араас рекорд тогтоосон хүн бол Н.Энхбаяр шүү дээ. Н.Энхбаяр төрийн өндөр албанд байхдаа “Хуулиа баримтал, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, Үндсэн хуулийг ягштал биелүүл.

Хуулийг биелүүлэхгүй байх явдлыг би хэрхэвч тэвчихгүй” гэдэг үгийг амны уншлага болгож байлаа. Н.Энхбаярын үед байсан хуулиуд одоо ч хэвээрээ байна. Тэгсэн мань хүн одоо өөрөө хуулийг нулимж байна. Үндсэн хуулийг уландаа гишгэж байна. Энэ хүн өөртөө ямар гай тарьж байгаагаа ч ойлгохгүй байна. Н.Энхбаяр хуулийг нулимж байгаа юм чинь бусад хүн ч барьцана. Одоо хэн мөрдөн байцаагчийг дуудвал очих юм. Очихгүй байх эрх бүх хүнд нээгдлээ шүү дээ. Хэнийг албадан саатуулах эрх үлдэж байгаа юм бэ. Хүмүүс баривчлаг­дахаараа өлсгөлөн зарладаг арга сонгоно. Баривчлагдахаараа улстөржүүлнэ. Үүнийг энхбаярдах гээд сонин хэвлэлүүд нэрлэчихсэн байна лээ.

-Авлигатай тэмцэх ажил цааш үргэлжлэх болов уу?

-Авлигатай тэмцэх ажил ингээд гацаж байх шиг байна. Авлига бол дандаа эрх мэдэлтэн, албан тушаалтантай холбогддог хэрэг шүү дээ. Авлигын хэргээр нэг хүнийг очоод барих гэхээр улстөржүүлээд, өлсгөлөн зарлаад суучихаж болох нөхцөлийг Н.Энхбаяр бүрдүүлж өглөө. Ийм жишиг тогтоочихлоо. Монголд хууль ёс мөхөж эхэллээ. Төр мөхөж байна. Н.Энхбаярыг буцаагаад өндөр албан тушаалд тавихгүй бол Монгол Улс сүйрлээ. Үнэхээр балмад байна. Хааяа би хаанаас ямар буг чөтгөр нь гараад ирчихэв дээ гэж бодох юм.

-Н.Энхбаяр үхчихвэл хариуцлагыг нь таныг хүлээ гэл үү?

-Намайг баатар болсонд Д.Тэрбишдагва их хорсдог бололтой юм. УИХ-д юм хэлэхээр л “Хууль зөрччихөөд чи баатар болоо биз дээ” гэх юм. Баатар цолыг Ц.Элбэгдорж зөвхөн надад ч өгөөгүй юм л даа. Тэмдгийг нь зүүж өгөхдөө “Энэ цолыг чамд өгөөгүй юм шүү. Ардчилсан хувьсгалыг хийсэн мянга мянган партизануудад өгч байна. Тэр бүгдэд баатрын тэмдэг тарааж өгдөг арга алга. Төлөөлүүлээд чамд өглөө” гэсэн. Би яаж ч чадалгүй авсан. Дуртайдаа очоод авчихаагүй, энэ цолд дуртай ч байгаагүй. Ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн гавьяатнуудад өгч байгаа шагналыг авахгүй гээд хойш суух эрх надад байгаагүй. 1990 оны гайхамшигтай түүхэн үйл явдалд оролц­соноороо бахархаж явдаг. Тэр үеэс монгол хүн эрх чөлөөтэй болсон. Түүнээс биш Д.Тэрбишдагва шиг албан тушаал горилсон улс төрийн тоглогч биш л дээ. Би ерөөсөө хууль зөрчиж байгаагүй. Үүнийг хариуцлагатай хэлье. Намайг хэлмэгдүүлж байхад хүртэл хууль зөрчиж байгаагүй. Манай эхнэр хүн цохиход намайг хүн зодсон хэргээр баривчилсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд болчихоод сарын хугацаа өнгөрч байлаа. Үнэндээ энэ ту­хай ярих дургүй л дээ. Үүнийг Н.Энхбаяр хийсэн ч гэж боддоггүй. Амарболд надад хувийн өс хонзон санадаг байсан учраас хийсэн байх. “Радио телевиз рүү дайраа биз дээ” гэж Д.Тэрбишдагва хэлж байна лээ. Радио телевиз рүү дайрсан явдал бол хууль ёсных байсан. Яагаад гэвэл сонгуулийн дүн гартал Хувьсгалт нам зөвшөө­рөхгүй. Төрийн эрх мэдлийг хууль ёсны дагуу шилжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа нь тэр. Үүнийг эсэргүүцэж ард түмэн босох эрхтэй. Тиймээс радио теле­виз рүү дайрсан. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оролдвол би дахиад дайрсан ч бэлэн байна.

-Н.Энхбаярын араас олон хүн явна гэх юм. Ерөнхий сайд асан С.Баярыг баривчлах юм гэнэ гэсэн яриа ч гарч байна…

-Аль нь үнэн, худлыг хэлж мэдэхгүй. Нэг л зүйлд их харамсч байна. Ард түмэн авлигатай тэмцэх ажлыг үнэхээр шаардаж байсан юм уу. Сүүлийн үед авлигатай тэмцсэн ажлыг нийтээрээ эсэргүүцээд эхэллээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид нэр дэвшээд иргэдтэй уулзахад би цуг явж байлаа. Тэр үед иргэд “Авлигаас салгаад өгөөрэй” гээд л гуйгаад байсан. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү. Үнэндээ Ц.Элбэгдоржоос өөр хүн хийж чадахгүй. Ц.Элбэг­дорж л үүнтэй тулалдаж чадна. Тэр авлигыг таслан зогсоох гэж удаа дараа үзээд дийлээгүй, хоёр ч удаа Ерөнхий сайдын суудлаас огцорсон. Гэхдээ л Ц.Элбэгдорж сая олонхийн дэмжлэг аваад төрийн тэргүүн болж чадлаа. Тэгээд авлигатай тэмцэнэ гэдгээ хэлсэн. Авлигатай тэмцэнэ гээд авлигачдыг өөрөө очоод баривчилна гэсэн үг биш.

Энэ нь хуулиар хориотой. Зөвхөн авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй хүн. Тэр ажлаа л хийж байна. УИХ Авлигатай тэмцэх газрын дарга нарыг томилохдоо ч “Авлигатай тэмцээрэй” гэж хэлсэн шүү дээ. Үүний дагуу л ажил явж байна. Харамсалтай нь энэ бүхнийг улстөржүүлээд, эцэс сүүлдээ авлигатай тэмцсэн хүмүүс нь буруудаад хоцрох нь шиг байна. Н.Энхбаяр “Би айхгүй” гэж бичиж байсан. Тэр үед би түүнд “Бүү ай” гэж хэлмээр санагдаж байлаа. Учир нь өнөөдрийн Монголд 1937 оных шиг хүнийг хэнд ч мэдэгдэлгүйгээр алчихдаг зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хараа хяналтаас гадна хэн нэгнийг яллаад, харанхуй өрөөнд аваачаад алчихаж чадахгүй. Бүх зүйл олон улсын байгууллагын хараа хяналт дор явна. Монгол Улс ард­чилсан орон байхгүй юу. Хэрэг хийгээгүй л бол ямар ч тохиолдолд айх шаардлагагүй. Н.Энхбаярын шүүх хурал бүх нийтийн өмнө ил тод яваасай гэж бодож байна. Н.Энхбаяр өөрөө худлаа яриад байгаа юм уу, АТГ түүнийг хэлмэгдүүлээд байгаа юм уу. Ард түмэнд үүнийг харуулах хэрэгтэй.

-Н.Энхбаяр шалгуулаад гэмгүй бол гараад ирнэ биз дээ?

-Тийм шүү дээ. Казиногийн хэрэг гэгчээр УИХ-ын гишүүдийг шалгаж байхад Н.Энхбаяр “Гэм хийгээгүй юм бол шалгуулаад гараад ирээч дээ” гэдэг үгийг байнга хэлж байсан. Чухам тэр гурван хүнийг тухайн үед муухай хэл­мэгдүүлсэн л дээ. С.Зоригийн хэргээр шалгана гэтэл холбогдолгүй нь тогтоогдсон учраас татварын хэргээр хэлмэгдүүлсэн юм. Д.Тэрбишдагва “Та нар өс хонзон санаж байна” гээд байна лээ. Тиймдээ тулж ярих гэвэл бид өс хонзон санах эрхтэй шүү. Даанч бид тийм хүмүүс биш л дээ. Д.Тэрбишдагва шиг жижиг гар биш болохоор өс хонзон санаад явахгүй. Тэр байтугай өнөөдөр би Ч.Амарболдод өс хонзон санасангүй.

-МАН-аас гарч, МАХН руу орсон гишүүдийг хэр зөв сонголт хийсэн гэж та үзэж байгаа вэ?

-Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголт хийх нь буруу биш. Харин О.Чулуунбат гишүүнийг гайхаад байх юм. Тэр бол коммунист үзэлтэй хүн биш. Жинхэнэ либераль үзэлтэй хүн шүү дээ. Тэгсэн коммунист нам руу очоод байхдаа яахав дээ. Хувьсгалт нам бол Монголыг цусанд живүүлсэн нам. Би нэг жишээ ярья. 1995 онд гуравдугаар эмнэлэгт намынхаа нэг гишүүнийг эргээд очиход сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан нэг эмээ намайг ирснийг дуулаад хүнээр дуудуулсан юм. Эмээ “Би өнөө маргаашгүй үхлээ хүлээж байна. Үхэхээсээ өмнө чамд нэг зүйл хэлье. Та нарт их баярлаж явдаг. Миний хүү Хувьсгалт намаар заавал бурууг нь хүлээлгээрэй. Миний хоёр ахыг, аавтай минь алж амьдралыг минь насан туршийн там болгосон нам” гэж хэлж билээ. Энэ тухай бодох бүрийд миний хамар шархирч, тэр хүний зовлонг мэдэрдэг. Гэм зэмгүй аав, ээж, ах, эгчийг чинь нэг л өдөр авч яваад алчихдаг тийм аймшгийг та нар мэдэрсэн үү гэж залуучуудаас асуудаг. Н.Энхбаяр Хувьсгалт нам гэдэг нэрийг сэргээх ёсгүй юм хүн шүү дээ, уг нь. Яагаад гэвэл түүний өвөг аав, нагац ах нь хэлмэгдсэн байхгүй юу. Ээж нь буриад хүн. Буриадуудыг хүйгээр нь хэлмэгдүүлсэн байдаг. Тэгэхээр Н.Энхбаяр хэлмэгдсэн айлын хүүхэд. Тээр жил би Н.Энхбаярт зориулж “Хүний зовлонг өөрийн зовлон мэт ойлго” гэж бичиж л байлаа. Хувьсгалт намыг сэргээх гээд яваа хүмүүст хандаад “Монгол Улс нэг гайгаас саллаа. Тэр тухай ярихыг ч хүсэхгүй байхад юу гэж түүн рүү гүйгээд байгаа юм бэ” гэж хэлье.

-Одоо арай өөр сэдэв рүү оръё. Та сонгуульд нэр дэвшихгүй хэвээрээ юу?

-Хэвээрээ. Улс төр үнэндээ утга учраа алдчихлаа. Улстөрчдийг ойлгоход ч бэрх болж байна. Улстөрч бол гэгээрсэн хүн байх ёстой юм байна. Бусдын сайхан амьдралгүйгээр өөрийн сайхан гэж байхгүй гэдэг энгийн зүйлийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгосон хүмүүс улстөрч болох ёстой. Гэтэл албан тушаалыг бурханчлан шүт­сэн хүмүүс улс төрд арзайтлаа овоорчихож. Дарга нар тансаг орд харш бариад амьдарч болно. Гэвч гэр хороолол байгаа цагт танай цонхоор утаа орж л таараа. Дарга нар гадны улс оронд очоод атаархаад байдаг юм. Тэгээд яахав дээ. Тэнд байгаа гоё сайхныг эх орондоо л бүтээчих. Атаархал, уур хилэнгээр дүүрсэн нийгэмд хүн яаж тайван амьдрах юм бэ. Даанч улстөрчид үүнийг ойлгохгүй юм байна. Заримдаа бодох юм, тэднийг маанаг юм болов уу гэж. Тээр жил залуу байхдаа би мөрийтэй тоглоомд ороод сүүлдээ түүнээс гутаж, зугтаасан юм. Түүн шиг эндээс зугтаамаар санагдаад байдаг боллоо.

-Та 800 иргэнийг Төрийн ордонд цуглуулах гэж байгаа юм уу?

-Манай газрын хөдөлгөөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд гэр хорооллын анхдугаар чуулганыг хийх гэж байна. Гэр хороолол Монголын хөгжлийг атгачихсан байна шүү дээ. Гэр хорооллоо өөд нь татахад л бид бусдад атаархахгүйгээр сайхан амьдарна. Нийтийн орон сууц барихынхаа оронд гэр хороолол руу инженерийн шугам татаад өгчих л дөө. 100 метр квадрат талбайтай, 26 сая төгрөгийн үнэтэй маш том орон сууц байдгийг би харлаа. АНУ-д тав, арван мянган ам.долларын үнэтэй second hand байшингууд байна шүү дээ. Америкт нураагаад хураачихсан. Монголд авчраад барихад сайхан хаус байна.

-УИХ-д суухгүйгээр энэ ажилд өөрийгөө зориулъя гэж үү?

-Өө тийм. Энэ бол миний сэтгэл зүрхний улс төр болж байна. Өөрийнхөө хашаанд өөрийнхөө байшинд эрх чөлөөтэй амьдрах тэр иргэний төлөө зүтгэнэ.

-Эцэст нь ганц зүйл асууя. Ардын намын мөрийн хөтөлбөрийн талаар ямар бодолтой яваа вэ?

-Ардын нам их хулхи зантай. Хулхи зангаа ерөөсөө тавихгүй юм. Намуудын дарга нарыг суулгаж байгаад С.Батболд “Бүгдээрээ мөнгө амлахгүй шүү” гээд гарын үсэг зуруулсан шүү дээ. Гэтэл өөрсдөө мөнгө амлачихлаа. Ямар сонин юм бэ. С.Батболд улайм цайм худалч болжээ.

Baabar.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш